Сүүлийн өдрүүдэд Европын орнуудад коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Итали улс өчигдөр нэг өдрийн дотор 250 иргэнээ алдсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад вирусийн халдвартай 17660 хүн бүртгэгдэж, эндэгдлийн тоо нь 1,266 хүрээд байна.
Европт Италийн дараа нөхцөл байдал хамгийн муудсан улс Испани болжээ. Испанид өчигдөр 24 цагийн дотор эндэгдлийн тоо нь 50 хувиар нэмэгдэж, нийт 120 хүн нас барсан байна. Нийт 4231 халдварын тохиолдол энэ улсад бүртгэгджээ.
Испанийн ерөнхий сайд Педро Санчез өнөөдрөөс эхлээд хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал улс орондоо зарласан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тохиолдол 140500 гаруй бүртгэгдэж, эндэгдлийн тоо 5000-ыг даваад байна.
“Өнөөдөр Европ тив коронавирусийн дэгдэлтийн төв цэг болж, халдвар, эндэгдлийн тоо нь Хятадаас гадна дэлхийн бусад улс орнуудынхыг нийлүүлснээс давлаа. Өдөр бүр халдварын тохиолдлууд нэмэгдэж, Хятадын оргил үеийн тоон үзүүлэлтээс ч илүү гараад байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.
Итали, Испаниас гадна Франц улсад 2876 халдварын тохиолдол бүртгэгдэж, 79 өвчтөн нас барсан бол Германд 3062 тохиолдол илэрч, таван хүн нас барсан байна.
Их Британид 798 халдварын тохиолдол бүртгэгдэж, 11 өвчтөн нас баржээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусийн гамшиг Европт илүү хүнд тусахаар байгаа гэнэ. Учир нь Хятадын хувьд дэгдэлтийн голомт нь зөвхөн Хубэй муж, Ухань хот байсан. Коммунист засгийн газар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй том хөл хорионы дэглэм тогтоосноор вирусийн тархалтыг зогсоож чадсан юм.
Харин Европ тивийн хувьд олон цэгт коронавирусийн дэгдэлт зэрэг гараад байна. Улс орон бүр өөр өөр аргаар тэмцэж, нэгдмэл бус стратеги хэрэгжүүлж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.