Цаг үеийн мэдээ

Хятадын тэрбумтан Жэк Ма өчигдөр АНУ руу коронавирусийн 500,000 оношлуур, нэг сая амны хаалт илгээж байгаагаа зарлажээ.

Жэк Магийн үүсгэн бий болгосон Alibaba Foundation сан мөн Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали, Испани зэрэг Covid-19 вирусийн тархалт өндөртэй байгаа улс орнуудад тусламжийн гараа сунгасан юм.

АНУ-д оношлуурын хүрэлцээ муу байгаа нь коронавирусийн дэгдэлттэй тэмцэх үйлсэд гол бэрхшээл болж байгаа.

“Манай орны туршлагаас харахад халдварыг богино хугацаанд зөв оношлох, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах нь вирусийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан билээ. Тахлын эсрэг явуулж буй Америкчуудын тэмцэлд бидний тусламж нэмэр болно гэж бид найдаж байна!” гэж Алибабагийн сангаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлд цааш нь “Глобалчлагдсан дэлхий ертөнцийн бүх хүмүүсийн өмнө хүнд сорилт тулгараад байна. Уг тахлыг аль нэг улс орон дангаараа зогсоож чадахгүй. Өнөөдөр бид хил хязгаарыг үл хайхран нөөц боломж, мэдлэг чадвар, туршлагаа хуваалцаж байж үүнийг ялах болно” гэсэн байна.

Таны сурталчилгаа