Цаг үеийн мэдээ

Хүний дархлаа, ядаргаа өвчний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхантай ярилцлаа.

Зө.мн: Невроз гэх өвчлөл ядаргаа мөн үү?

Л.Э: -Тархи зөвхөн боддог эрхтэн биш. Бүх эрхтэн тогтолцоог зохицуулдаг эрхтэн. Невроз буюу мэдрэлийн архаг ядаргаа нь олон төрөл хэлбэртэй. Үүнийг үүсгэдэг шалтгаан нь цочмог болон архаг стресс юм. Цочмог гэдэг нь гэнэтийн янз бүрийн мэдээ сонсдог ч юм уу, түүнээсээ болоод ярих эсвэл явж чадахаа болих, нойргүй болно. Харин архаг стресс нь удаан хугацаагаар стресстэж явсантай холбоотойгоор үүснэ. Энэ нь олон хам шинжтэй. Тухайлбал, ойр ойрхон өвдөх, сульдах, нойргүйдэх зэрэг хам шинжтэй. Үүнийг хүмүүс хэт ажилласнаас үүдэлтэй гэж ойлгох нь байдаг. Гэхдээ амьдралын дарамт удаан хугацаанд үргэлжилснээс мэдрэлийн ядаргааны байдалд орж байгаа юм. Хүн стрессийн байдалтайгаар удаан хугацаагаар явбал бие махбод нь бодитоор өвдөх нөхцөл бүрддэг. Тухайлбал даралт ихсэхээс эхэлнэ.

Архаг стрессийн байдал нь даамжирсаар эсвэл гэнэтийн цочролоос саажилт илэрч болно. Цаашдаа хэлгүй, хараагүй болж явж чадахгүй болох тохиолдол байдаг. Гэхдээ энэ тохиолдолд тухайн цочрол нь тайлагдаад ирэхээр хэвийн байдалд ордог.

Зө.мн: Ядаргаанаас урьдчилан сэргийлэх арга зам байдаг уу?

Л.Э: -Хамгийн түрүүнд юунаас болж ядаргаанд ороод байгаагаа тодорхойлж, өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Тэгж байж сэргийлж, цаашид хэрхэн арга хэмжээ авахаа мэддэг болно. Хэн нэгэн өвдөхгүй байх нь хувь хүнээс маш их хамаарна. Монголчууд “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг. Би ядраад байна гээд байвал ядарна. Хүн сэтгэл санаагаа жолоодож сурах хэрэгтэй. Үүнээс гадна амралтын өдрүүдээр өөртөө чанартай амралтыг гаргах хэрэгтэй. Тухайлбал, гэр бүлээрээ тоглох, хөдөө гадаа явах, үзвэр үйлчилгээ үзэх, хоол иддэг ч юм уу аль болох өмнөх долоо хоногт болсон янз бүрийн асуудлыг хурдан марттал амар. Харин бие махбодын хувьд үнэхээр ядарч байвал эмийн бус аргаар эмчлэн сувилж болно. Тухайлбал, сүү цагаан идээ сайн идэх, жимс жимсгэнэ байгалийн бүтээгдэхүүнээс хэрэгтэй витаминуудаа авч, нөхөж болно. Аль болох эм, тарианаас хол байх хэрэгтэй. Яагаад гэвэл дусал, тариа нь хүний арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг.

Зө.мн: Мэдрэлийн архаг ядаргаа хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

Л.Э: -Неврозтой хүн маш их бухимдалтай болдог. Үүнээс болоод ажиллаж, амьдрахад нь асуудал гарч болно. Үүнээс гадна манайхан хэтэрхий ууртай. Уур бухимдлыг нүдэнд харагддаггүй хорт бодис гэж хэлж болно. Үүнийг дарж чадвал харвалт ямар нэг хэмжээгээр багасна гэж ойлгож болно. Даралт нь 150-тай байдаг хүн уурлаж, бухимдахаар даралт нь 200 хүрнэ. Тэгэхээр судасны хана нь даралтыг даахгүй хагарч, улмаар цус харваж байгаа юм.

Хувь хүн өөрийгөө болоод гэр бүлээ хайрлаж, уурлаж бухимдахгүй байх хэрэгтэй.

Зө.мн: Ярилцсанд баярлалаа.

Таны сурталчилгаа