Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусийн халдвартай гарлаа. Одоогоор төв лабораторид давхар шинжилгээг хийж байгаа ба хариу гарсан тохиолдолд хоёр шинжилгээг тулгана гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 5 тохиолдол, түргэвчилсэн оношлуураар оношилсон гээд нийт 6 тохиолдлын халдвар бүртгэгдээд байна.
-Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдсэн.
-Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 3 иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
-Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
-Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг өнөөдөр ЭМЯ ээлжит хурлаараа мэдээллээ.