Цаг үеийн мэдээ

Байгаагаасаа өөрийгөө хэт их дээгүүр, эсвэл хэт доогуур үнэлэх нь "нарсисист" эмгэгийн эхний илрэл. Нарсисист бие хүний эмгэгийн үед хүн өөрийгөө хэр хэмжээнээс хэт өндрөөр үнэлж харсны улмаас "хуурамч бие" -ийг үүсгэдэг. Өөрийнхөө гадаад үзэмж, авьяас чадвар, мэдлэг, хийж гүйцэтгэж буй ажлыг бодит хэмжээнээс хэт өндрөөр үнэлж хардаг эдгээр төрлийн хүмүүсийг "өөртөө дурлагч" ч гэж болно. Тэд ийм итгэл үнэмшлээсээ болоод бусадтай харилцахдаа  үргэлж асуудал үүсгэж явдаг.  "Би өөрөөрөө байвал хүмүүс намайг байгаагаар минь хүлээж авч чадахгүй” гэсэн айдас, итгэл үнэмшилтэй учраас хуурамч байдлыг үүсгэдэг. Ингэснээр “Би үнэлэгдэхийн тулд гоц ухаантай, авьяастай, мэдлэг чадвартай, өндөр албан тушаалтай, нэр хүндтэй, өв хөрөнгөтэй байх ёстой” гэж үзэх хэмжээнд очдог эмгэг юм.

Гэхдээ хүн бүрт тодорхой хэмжээний нарсисист хэв шинж оршдог. Нарсисист бие хүний эмгэг нь дотроо бага, дунд, их хэмжээтэй. Хүнд өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хамгаалахын тулд хэрэглэдэг хамгаалалтын систем гэж бий. Ямар хамгаалалтын систем ашиглаж буйгаар нь эмгэг бага, дунд, хүнд байгаа эсэхийг харж болно.

Өөрөөр хэлбэл доор дурдах зан үйлүүдээр дамжуулан нарсисист эмгэгтэй хүн өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг хангадаг байна.

- Өөртөө төрж байгаа мэдрэмжийг бусдад нялзаах. Зарим нарсисист хүн олны танил хүмүүсийг шүтэн бишрэх хандлагатай байдгийг дурдаж болно. Нэр нөлөө бүхий хүмүүстэй илүү ойр дотно байж, зургаа авахуулах хүсэл гэх мэт.

- Зарим эцэг, эхчүүд хүүхдээ үргэлж магтан сайшаадаг. Тухайн зүйлийг өөрөө хийхгүй ч бусад хүмүүсийг “Ваав, ямар мундаг юм бэ. Чи “лаг” юм аа” гэж биширч байгаа байдал нь өөрийнхөө мэдэрдэг мэдрэмжийг бусдад тохож, нялзааж байгаа нэг хэлбэр мөн. Энэ нь нуугдмал хэв шинжийн нарсисизм юм.

- Шүүмжлэлд маш эмзэг хандах. Өөрийг нь хэн нэгэн шүүмжлэхээр дорд байдалд орох, сул дорой мэдрэмж төрдөг учраас шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй. Эсрэгээрээ бусад хүмүүсийг шүүх хандлагатай. Бусдыг шүүмжилснээр “Би энэ хүнээс дээр” гэсэн мэдрэмж, таашаалыг авдаг. Жишээ нь сошиал ертөнцөд хэн нэгнийг өөлсөн, гоочилсон, доромжилсон сэтгэгдэл бичих явдлыг хэлж болно. Өөрийнхөө биед сэтгэл ханамжгүй учраас бусад хүмүүсийг  өөлж, доромжлох замаар тэр хүнээс дээр гэсэн мэдрэмжийг авч байгаа хэрэг.

Нарсисист эмгэгтэй хүмүүс өөрөө ч мэдэхгүй, ухамсаргүйгээр хийдэг зан үйлүүд юм. Эдгээр нь өвчний шинж тэмдэг гэхээсээ илүү бидний яриад буй эмгэгтэй хүмүүсийн хуурамч бие, дүр нь гэж болно.

Нарсисист эмгэгтэй хүн зан харилцааны хувьд бусад хүмүүстэй ойр дотно харилцаа үүсгэж чаддаггүй. Учир нь бусдыг бодохгүй, зөвхөн өөртөө төвлөрч анхаарсан харилцааны хэв шинжтэй хүмүүс байдаг.

Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул

Таны сурталчилгаа