Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо нь 1996 оноос хойш Монголын Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жил бүрийн Улсын аварга шалгаруулах “Монголын Мистер” тэмцээн, Хотын аварга шалгаруулах “Ирээдүйн Мистер” тэмцээний үеэр допингийн шинжилгээ хийлгэж байгаа.
2020 оны нэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын мистер 2020” УАШТ-ний үеэр допингийн хяналт хийлгэх зорилгоор Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад хүсэлт гаргаж нэг тамирчнаас шинжилгээ авсан билээ. Тус шинжилгээний хариу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд тамирчны дээжний хариунд хориотой бодис илэрсэн буюу эерэг гарсан байна. Бид тухайн тамирчинтай холбогдож шинжилгээний “А” дээжний хариуг танилцуулсан бөгөөд тамирчин шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн.
Иймд “Монголын мистер 2020” УАШТ-ний Бодибилдингийн -60 кг ангилалд мөнгөн медаль хүртсэн тамирчин Эрдэнэчулуун овогтой Мөнхбатыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/-ийн дүрмийн дагуу 4 жилийн хугацаатай /2020 оны гуравдугаар сарын 17-оос 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл/ тэмцээнд оролцох эрхийг хассаныг үүгээр мэдэгдэж байна.