Цаг үеийн мэдээ

Цар тахалтай холбоотойгоор улс орнууд хүнсний асуудлаа чухлаар авч үзэн шийдвэрлэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. 

"ОХУ-аас хүнс болон бусад тоног төхөөрөмж тээвэрлэсэн 23 машин дүрэм журмын дагуу энэ сарын 19-нд Улаанбаатар хотод орж ирж байна. Нийт 15 гадаад жолооч ирж байгаа. Тэд цагдаагийн хяналт дор машинаас гарахгүй шууд ирээд буцаад буцна. Харин Монгол Улсын иргэн найман жолооч 14 хоног тусгаарлагдана. Авчирсан тээвэрт ДЭМБ-аас өгсөн чиг үүргийн дагуу ариутгалыг хийнэ. Монгол Улс хүнсний бараа, бүтээгдэхүүний ихэнхийг импортоор авч байгаа учраас бараа, материалын тасалдахгүй байдлыг хангахын тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна.

Дараагийн асуудал гэвэл хүнс, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж, бусад халдварт өвчин гаргахгүй байхын тулд чанартай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх шаардлагатай.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2270 аж ахуйн нэгж байгууллага, 3242 иргэн, 3153 худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр, мухлаг, 380 хүнсний үйлдвэр, цех, 746 хоол үйлдвэр үйлчилгээний газрыг шалгалтад хамруулаад байна.

Нийт 6863 зөрчил илрүүлсэн. Үүнээс 5179 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Мэдээж хорио цээрийн дэглэмд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул торгож шийтгэхээс илүү сануулах, зөвлөх байдлаар аль болох харилцан уялдаатай ажиллахыг зорьж байна.

Хадгалах хугацаа дууссан, буруу хадгалсан, чанар, аюулгүй байдал алдагдсан 1204 нэр төрлийн 650 литр, 400 кг, 16321 ширхэг, нийт 28 сая 394 мянган төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулсан.

Зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэд ийм ороо бусгаа цаг үеэр иргэдэд хүнсний шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлэх гэж оролдсон. Цаашид энэ хариуцлагагүй үйлдлээ өөрсдөө ухамсарлаж, таслан зогсооно уу” хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ. 

Таны сурталчилгаа