ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ.
Тэрбээр : Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Шинээр бүртгэгдсэн 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна гэлээ.