Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-аас “Он гарснаас хойш Монголын 21 мянган иргэн гадаадаас ирсэн. ГХЯ-ны судалгаагаар 80 гаруй оронд 190 гаруй мянга монгол иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга, журмыг иргэдэд өдөр бүр мэдээлж, тарааж байгаа. Өнөөдөр гадаадын иргэдийг эх орон руугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Мөн БНХАУ гадаадаас ирж буй бүх иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Тиймээс монгол иргэд БНХАУ, ОХУ-аар дамжин ирэх боломжгүй болсон. Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирэх эсэх асуудлыг одоогоор эцэслэн шийдээгүй байна. Тухайн орондоо аюулгүй байдлаа ханган, аль болох тайван байхыг гадаадад байгаа монголчууддаа уриалъя. Хэрвээ тусгай үүргийн нислэг илгээхээр болвол гадаадад байгаа иргэд ГХЯ, МИАТ-д өргөдөл бичих шаардлагагүй. Энгийн үед иргэд онгоцны тасалбар яаж авдаг билээ. Тэр журмынхаа дагуу л авах учиртайг анхааруулъя. Япон, БНСУ явъя гээд ГХЯ-нд олуулаа хандаад замбараагүй байдал үүсэх гээд байна. ГХЯ, УОК-ын Шуурхай штаб дээр гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хийхгүй” гэлээ.