Цаг үеийн мэдээ

МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6"д "Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг. 

Хуулийн хугацаанд заасны дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байгаа юм байна. 

Монгол улсын ерөнхий аудитын орлогч О.Тэнгис "Хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-ны дотор дүгнэлт гаргаж, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Бид дүгнэлт гаргахдаа эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах зэрэг үзүүлэлтүүдийг хянахад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана" гэсэн юм. 

Дүгнэлт гаргахдаа :

-Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;

-Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;

-Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж гаргадаг байна. 

Таны сурталчилгаа