Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид өнөөдөр жагслаа.
Жагсаалаар үйлчилгээний төвийн ус болон цахилгааныг тасалсанд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр түрээслэгчид “Энэ сарын 21-нээс эхлээд хэрэглээний халуун, хүйтэн ус хааж, харин өнөөдөр тог тасалсан. Урт цагааны үйл ажиллагааг зогсоохтой холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ингэж байгаад бид дургүйцэж байна. Дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байгаа энэ үед ингэж ус, тогийг таслахад гараа угаахаас эхлээд хүндрэл үүсэж байна” хэмээн ярьсан юм.
Цагдаа нарын хэлсэнчлэн түрээслэгчид зам хааж, эсэргүүцлээ илэрхийлэхэд Баянгол, Сүхбаатар дүүргийн төв замуудад зохиомол түгжрэл бий болсон гэсэн юм.
Коронавирусийн энэ цаг үед олон нийтээр цугларч болохгүй тухай Цагдаагийн алба хаагчид иргэдэд тайлбарлаж, эхний ээлжинд замын зорчих хөдөлгөөнийг чөлөөлүүлж, жуулчны гудамжны хоёр урсгалыг нээн, ачаалал авсан замуудын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зохион байгуулалтыг хийсэн гэсэн мэдээллийг өглөө.
Урт цагааны үйлчилгээний төвийг 30 ААН, хувь хүн түрээсээр эзэмшдэг бөгөөд тэд дамлан 300-400 хүнд түрээслэн үйл ажиллагаа эрхэлдэг байна.