Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь ажлын байрны цомхотгол хийж эхэлсэн. Иймээс үйл ажиллагаа явуулдаг 94 мянга орчим аж ахуйн нэгжийн нэг сая гаруй ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэхэд хүндрэлтэй болсон талаар Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, иргэдийн амьжиргааны түвшин буурахаас сэргийлэхийн тулд Засгийн газраас "Төсвийн багц" гарган хэрэгжүүлэх саналыг аж ахуйн нэгж, салбарын холбоодын төлөөлөл гаргаж байгаа юм байна.
Аж үйлдвэрийн зөвлөлийн Ажлын албаны дарга А.Энхцэцэг "Төсвийг үр ашиггүй зарцуулахаа болиод өргүй зардлаа танах хэрэгтэй. Жилд МУ-ын төр нэг их наядаас эхлэн худалдан авалт хийдэг ч дотоодоосоо худалдан авалт хийх нь маш бага байгаад ЖДҮ эрхлэгчдэд хүндрэлтэй байна" гэсэн юм.
Шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр ядуурал 50 хувьд хүрэх төлөвтэй байна гэлээ.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ "Ноолуур 100 мянган төгрөг хүрэх учраас ноолуураа хадгал гэсэн мэдээллийг иргэдэд өгсөн. Энэ нь ЖДҮ эрхлэгчдэд маш том цохилт болж байна" гэсэн юм.
Арьс шир боловсруулах үйлдвэрийг сэргээж ажиллавал хүүхдүүдэд зориулсан арьсан цүнх, гутал зэргийг хийх боломжтой гэлээ.
Шууд үзэх:
https://www.facebook.com/zugii/videos/537092356947778/