Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын асуудлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна.
Урт цагааны түрээсийн гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн аж ахуйн нэгж гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдөр гэрээний хугацаа дууссан. Энэ 30 аж ахуйн нэгж олон жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр давхар түрээсэлдэг.
Одоогоор 30 гаруй аж ахуйн нэгж, 300-400 дам түрээслэгчид байна. Үүнд хоолны газар болон алт, мөнгөний дархан зэрэг үйлчилгээ эрхлэгчид байна. Эдгээр нь бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй. Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсаныг УСУГ-аас акт тогтоосон.
Одоогоор 300 орчим түрээслэгчдийн төлөөлөлтэй байна. 30 түрээслэгч иргэдэд дарамт шахалт учруулдаг талаар уулзсан эхний 30-аад иргэн хэлж байна. Нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, НИТХ-д танилцуулна. Эцсийн шийдвэрийг НИТХ гаргана гэсэн юм.