Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголбанкны ерөнхийлөгч болон Монголын банкны холбооны гишүүдтэй уулзаж коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаанд царцаах хүсэлтийг тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл банкууд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон долоон арга хэмжээг танилцуулах үеэрээ арилжааны банкуудтай хатуухан ярихаа хэлсэн юм.
Тэрээр: “Зээл төлөлтийн асуудлаар банкуудын удирдлагуудтай, Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Би тэдэнд Ерөнхий сайдын хувиар хүсэлт тавьсан. Гэхдээ Засгийн газар Монголбанкийг, арилжааны банкийг удирддаггүй. Энэ асуудалд арилжааны банкууд эх оронч сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэдэнд дахин хүсэлт тавина. Хэрвээ зээл төлөлтийг хойшлуулахгүй, энэ талаар тодорхой шийдвэр гаргахгүй бол Засгийн газраас банкуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч ажиллана. Засгийн газар авах арга хэмжээгээ авна” гэлээ.