Өчигдөр орой 18.00 цагийн үед Баян–Өлгий аймагт гэрээр ажиглалтад байсан иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийслэл хотод орж ирж Эмээлтийн товчоонд саатуулагдаад байгаа мэдээг бид хүргэж байсан.
Уг асуудлыг лавшруулан Баян–Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлээс тодруулсан байна.
Тэрээр, "Тухайн иргэн Казахстан улсаас энэ сарын 13-ны өдөр Монгол Улсад нэвтэрч тусгаарлагдсан бөгөөд гэр гэрт нь ажиглалтад авсан 59 иргэний нэг юм. Тэр үед Казахстанд Ковид-19 вирусний халдвар бүртгэгдээгүй байсан ч бид урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглалтад авсан. Ажиглалтын хугацаа нь 26-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Биеийн байдал нь сайн, ямар нэгэн өвчний сэжиг, халуурсан, бүлээрсэн асуудал байхгүй. Түүнтэй энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, тусгаарлалтын хугацаа дууссан ч нийтийн тээврээр зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мэргэжлийн байгууллагад хандах зэрэг зөвлөгөө өгсөн. Харамсалтай нь өөр хүний нэр дээр тасалбар бичүүлж, тухайн өдрийн 10:00 цагт орон нутгийн автобусаар Улаанбаатар хот руу зорчсон байна" гэлээ.
Саатуулагдсан иргэн Хэнтий аймгийн харьяалалтай бөгөөд гэр бүлтэйгээ тэнд амьдардаг байжээ.
Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг