Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн шинж тэмдэг, эмнэлэгт байгаа иргэдийн биеийн байдал болон халдвартай иргэнийг хэрхэн илрүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгай үүргийн онгоцоор ирсэн 1000 гаруй иргэнийг хяналтдаа авч тусгаарлаад байгаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 12 батлагдсан тохиолдол байна. Энэ нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. Эдгээр хүмүүсийн эмнэл зүй, тархвар зүйг тандаж, дүгнэлтээ гаргаж эхэлж байна.

Ирж байгаа зорчигчдыг хаагуур явсан, хаанаас халдвар авч байсан болох, хэд хоногийн хугацаанд шинж тэмдэг илэрч байгааг нарийн гаргадаг. Ингэхэд 12 хүний зарим нь хоёр хоногийн дараа, заримд нь 14-16 хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдаж байна.

Халдвар бүртгэгдсэн улс орнуудын туршлагаас харахад коронавирусийн гол шинж тэмдэг нь халуурах гэдгийг мэдээлж байгаа.  Бидний ажигласнаар халуурах нь коронавирусийн өвчлөлийн эхний шинж тэмдэг биш байна. Харин манайд ирсэн тохиолдлуудыг ажиглахад ихэвчлэн хамар загатнах, битүүрэх, толгой өвдөх, бие сульдаж ядрах, дотор муухайрах, бие арзайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна.

Халуун нь 37, 38 хэм хүрэхтэй үгүйтэй орж ирж байна.

Ирсэн хүмүүстэй ярьж байхад Улаанбаатарт ирсэн хойно цаг агаарын хуурай байдлаас болоод харшил хөдөлсөн юм боловуу хамар битүүрч байсан, толгой бага зэрэг өвдсөн юм боловуу гээд шинж тэмдгээ анзаарахгүй өнгөрөх байдал байна. Манай монголчууд хөнгөн хэлбэрийн ханиад шуухинааг гэрээрээрээ өөрсдөө дур мэдэн эмчилчихдэг. Ингэж байгаад хүндрүүлэх эрсдэл гарах вий гэдгийг анхааруулж хэлье.

Өвчтнүүдийн клиникийн явц их удаан ба 10 гаруй хоногоос сар шахам хугацаанд эмчийн хяналтад байхаар байна. Хүн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байх үедээ халдварыг тараадаг. Манайх тусгаарлалтын хугацаагаа 21 хоног болгосон нь миний хувьд зөв гэж бодож байна. Баян-Өлгийн боомт, Улаан-Үд-ээс ирсэн хүмүүс хөнгөн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Мөн гадаад руу яваад ирсэн хүнтэй уулзчихаад дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

Хүмүүсийг тусгаарлалтад авмагцаа л шинжилгээ авч байгаа. Сая вирус илэрсэн хүмүүсийн хувьд эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илрэх үед нь олж авч чадсан. Энэ нь цаашдын өвчний явцад их ач холбогдолтой.

Тусгаарлалтад авсан хүмүүсийг ямар улсад хэд хоносон, ямар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлснийг хүн болгон дээр судалж байгаа. Ингээд эрсдэлтэй бүлгийг олж авч байгаа юм. Энэ нь тандалтын сайн тал. Хөнгөн хэлбэрийн эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд зарим хүн хэлэхгүй байх эрсдэл байдаг учраас давтан шинжилгээ авч байгаа. Давтан шинжилгээ хийхэд вирус илэрч байна.

Хилээр болон тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлачихсан гээд тайвширч болохгүй. Хамар битүүрсэн, толгой өвдсөн, дотор муухайрсан, ханиад маягийн шинж тэмдэг илэрсэн, гадагшаа явсан хүмүүстэй уулзсан хүмүүс ХӨСҮТ-д ирээд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Томуугийн 150 гаруй нэгжээс хот, хөдөөгийн ханиадтай иргэдээс давхар шинжилгээ авч байна. Одоогоор Монголд байгаа иргэдээс коронавирус илрээгүй. Тиймээс гадагшаа яваад ирсэн иргэд сар шахуу өөрийгөө тандах хэрэгтэй. 

ХӨСҮТ-д 119 гэсэн 24 цагийн утас ажиллаж байна. Мөн 80086829, 103, 108 дугаарын утас ажиллаж байгаа тул залгаж тусламж авч болно. Вирус илэрсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Хатгаа болж хүндрэх магадлалтай. Түрүүчийн ирсэн хоёр хүн хүндэвтэр байснаа дунд, тогтвортой болсон. Шинэ коронавирусийн халдвар нь уушгийг өвчлүүлэх, уушгинд нэвчдэс үүсгэх гээд нэлээн хүндрэлтэй явагддаг. Өвчтнүүдийн явцыг харахад сар шахуу эмчилнэ. Тиймээс орны нөөцийг бэлдэхэд анхаарахгүй бол болохгүй. Гурван удаагийн шинжилгээ сөрөг гарч, вирус илрээгүй үед эмнэлгээс гарна.

Тэгэхээр нэг өвчтний эмчилгээ 40 гаруй хоног үргэлжлэхээр байна" гэсэн мэдээллийг өглөө.  

Таны сурталчилгаа