Цаг үеийн мэдээ

Юм болгонд сайн тал гэж бий гэдэг юутай үнэн үг вэ. УИХ-ын сонгуульд ч нэг сайн тал байна. Энэ бол улстөрчдийн хэн нь хэн бэ гэдэг нь танигддаг сайн тал. Ер нь улстөрчдийг авах юмгүй муу хүмүүс гэх болсон. Гэхдээ жаахан ч гэсэн итгэл найдвар тавьж хүлээдэг улстөрчид нь сонгуулиар хэн ч биш болоод хувирчих юм. Сонгууль болоход бараг гурван сарын зай үлдсэн ч улстөрчид тараа таниулаад эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АН-ын дэд дарга Р.Амаржаргал нар үнэн төрхөө харуулав. Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, УИХ-ын гишүүн З.Нарантуяаг олон нийт эдийн засгийн асуудалд нухацтай ханддаг, энэ чиглэлээрээ мэргэшсэн чамбай гишүүн гэж үнэлдэг. Гэвч тэрээр намынхаа мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгөхдөө “Манай нам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван саяд хүргэнэ” гээд хээв нэг ярьж орхилоо.

З.Нарантуяа гишүүнийг “Гурван сая инээд” нэвтрүүлэгт орж байгаа мэт ярих үед түүний хажууд зогссон Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргалын нүүрнээс ямар ч хувирал олж харсангүй. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгддэг, мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулиараа дамжуулан олон эдийн засагчдыг бэлтгэдэг ноён Амаржаргал сонгуульд ялж л байвал эдийн засгийн үндэслэл тооцоолол ямар байх нь хамаагүй гэж шийдсэн бололтой. Ирэх дөрвөн жилийн дотор дундаж цалинг гурван саяд хүргэх бус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван саяд хүргэнэ гэдэг мянгуужингийн үлгэр. Харин сонгогчид одоо иймэрхүү үлгэрт итгэхээ больсон нь сайн хэрэг.

Таны сурталчилгаа