Долоо хоног бүрийн Ням гарагт үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа "The Voice of Mongolia" шоу улам сонирхолтой болж байна. Олон янзын өнгө төрх, авьяас билгээрээ оролцогчдыг дасгалжуулж буй шүүгчид долоо хоног бүр ээлжлэн өөрсдийн багийн үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа. Энэ ням гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр жинхэнэ гал гарсан номеруудыг Монголын ард түмэндээ өргөн бэлэг барьлаа.
Шоуны дараа үзэгчид баярласан, бахархсан сэтгэлээ илэрхийлсэн постыг цахим хуудаснаа нийтэлсэн. Тэр дундаа торгон мэдрэмжтэй “The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хийсэн сонголт олны сэтгэлийн утсыг хөдөлгөлөө. Тэрээр Ням гарагийн нэвтрүүлгийн үеэр Д.Отгонбаяр шүүгчийн багаас гал гарсан тоглолтоос хасагдсан Г.Дөлгөөнйг багтаа авч, түүний хичээл зүтгэлийг үнэлж буй баярын нулимс унагасан нь хэн бүхний сэтгэлийг хөдөлгөөд амжлаа.
Энэ мөчийн тухай Төрийн соёрхолт, дуучин Д. Болд өөрийн цахим хуудаснаа:
“Чиний цуцашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал зүрх сэтгэлийн нулимсаа гаргалаа” гэжээ.
Шоуны туршид үзэгчдийг хөгжөөж, өөрийн мэдрэмжээрээ хөглөж байгаа түүнийг үзэгчид хошин мэдрэмжтэй, оролцогчдыг үнэлж дүгнэх тал дээр мэргэжлийн гэдгийг магтах болсон.
Ийнхүү Монголчуудын Ням гарагийг хүлээж шимтэн үзэх дуртай "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг тун сонирхолтой өрнөлтэй үргэлжилж байна. Д.Отгонбаяр шүүгчийн хувьд өөрийн дасгалжуулсан оролцогчиддоо тунчиг сэтгэл хангалуун байгаа бөгөөд түүний хэлсэн үг залуу хүн бүрийг толгойд нэгийг бодогдуулахаар байгааг сошиал ертөнцөөс харж болноо.