Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд цаг үеийн асуудлаар санал солилцжээ.

Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг сайшаан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө гэдгээ хэлсэн байна.

Тэрээр коронавирусийн тархалтыг хязгаарлах тал дээр Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Кубын тал Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч нарыг илгээсэн байна.

2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.

Таны сурталчилгаа