Өдгөө дэлхийн бараг бүх улсад тэмдэглэдэг энэ өдрөөр бусдыг хуурч тоглох “заншил” хэдийнэ тогтжээ. Харин хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүрэх давуу эрхээ ашиглан түүхэн дэх хамгийн жигтэй, хамгийн олон хүнийг хамарсан хууралтуудыг зохион байгуулж байжээ. Ингээд та бүхэнд түүхэн дэх хамгийн олон хүн хуурч чадсан мэдээллээс хүргэе.
Эйфелийн цамхагийг нүүлгэнэ
1986 оны дөрөвдүгээр сарын 1-нд Парисын төв хэвлэлд “Эйфелийн цамхагийг нүүлгэнэ” хэмээх гарчиг бүхий мэдээ нийтлэгдсэн байна. Хайр дурлалын хотын гол бэлгэ тэмдэг болсон гайхамшигт Эйфелийн цамхагийг хотын зүүн захад орших Европын Диснейн хүрээлэнд байрлуулна гэж “Le Parisien” сонин мэдээлсний дараа Францын Дотоод хэргийн яаманд дөрвөн сая гаруй гомдол ирсэн гэдэг. Мэдээж хэрэг энэ мэдээ алдарт 4 дүгээр сарын 1–ний хуурамч мэдээлэл байв.
Николя Саркози бие сунгах мэс засалд орно
Үнэхээр гайхалтай мэдээ. Британийн “The Sun” сонины 2008 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаарт Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози бие сунгах мэс засалд орж, 10 гаруй см-ээр өндөр болно гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Мэдээж хэрэг супер модель эхнэрээсээ намхан ерөнхийлөгчийн гол хүсэл нь байж болох мэдээлэлд хүн бүр бараг итгэв. Харин дараа өдөр нь “The Sun” сонины эрхлэгч уг мэдээг наргиан байсныг зарлаж, тэргүүн нүүрэндээ редакцийн зурвас хэвлүүлжээ. Зурвас нь “Уучлаарай, Ерөнхийлөгч өө, өчигдөр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэсэн гарчигтай байв.
Гоймонгийн мод хэрхэн ургуулах вэ?
BBC-ийнхны хамгийн алдартай хууран мэхлэлт харин 1957 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тохиожээ. Мөн өдөр тус телевизийн “Панорама” хэмээх нэвтрүүлгээр Швейцарьт ургадаг шпагеттийн мод гэгчийг харуулж, үзэгчдийг ёстой л алмайруулж орхисон байна. Тэр үед Британийн найман сая гаруй өрх телевизтэй байсан гэхээр багаар бодоход 25 сая хүн энэ мэдээг үзсэн гэсэн үг. Мэдээж хэрэг олон үзэгчид BBC-д хандаж, гоймонгийн модыг яаж ургуулах талаар зөвлөгөө авахыг хүссэн гэдэг. Олон жилийн хойно, 2009 онд Америкийн CNN агентлаг уг явдлыг “хэвлэл мэдээллийн нэр хүндтэй байгууллагаас сэдсэн хамгийн өвөрмөц, хамгийн том хууран мэхлэлт”-ээр тодруулжээ.
Алдарт Биг Бен цаг дижитал болно
Мэргэжлийн өндөр түвшний, ихээхэн нухацтай, буурьтай байгууллага атлаа BBC шиг үзэгчдээ хуурдаг мэдээллийн агентлаг өөр бараг үгүй биз. Тус агентлагийнхан 1980 оны энэ өдөр урьд урьдынхаасаа ч хатуу тоглож, хэдэн сая хүнийг цухалдуулаад авчээ. Тэд алдарт Биг Бен цамхагийн цагийг Засгийн газар дижитал болгохоор шийдсэн тухай мэдээлж, BBC-гийн радио сувагт эхэлж холбогдсон хоёр сонсогчид Биг Бений “хуучин” цагийн хоёр зүүг дурсгана гэж хүртэл ярьжээ. Энэ нь өв уламжлалаа дээдэлдэг Британичуудыг BBC рүү зогсоо зайгүй утас цохиход хүргэж, албаны хүмүүсийг хүртэл сандаргасан байна.