Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Сайн” ломбардад гуравдугаар сарын 30-ны өдөр “Үл таних масктай хоёр этгээд дайрч орж ирэн, айлган сүрдүүлж, эд зүйл дээрэмдлээ” гэх дуудлага мэдээлэл 102 дугаарын утсанд ирж байсан.
Тодруулбал, баг өмссөн хоёр эрэгтэй зэвсгийн чанартай зүйл ашиглан 11 сая орчим төгрөг бэлнээр, 1000 гаруй иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдэж хэргийн газраас зугтжээ.
НЦГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, тус газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан 96 цагийн дотор дээрэмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч илрүүлэн, баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
Дээрмийн гэмт хэргийг 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Нийт аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй байдлаа хангах, хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулахыг цагдаагийн газраас анхааруулж байна.