БНСУ шинэ төрлийн коронавирусийн халдвартай өвчтөнд цусны сийвэнгийн эмчилгээ хийж эдгээжээ. Коронавирусийн вакцин гараагүй байгаа энэ цаг үед цусны сийвэнгийн эмчилгээний үр дүн анх удаа гарсан нь энэ юм. Эрүүл мэндийн яам тодорхой хугацааны дараа эмчилгээний арга барилыг нийтэд мэдээлэх болно гэжээ. Ёнсей Северанс эмнэлгийн Халдвар, дотрын тасгийн Чой Жүн Юн эмчийн ахалсан баг коронавирусийн халдвараар өвдсөн хоёр ч хүнд цусны сийвэнгийн эмчилгээ хийсний үр дүнд тэд эдгэрсэн байна. Тэдний нэг нь хэдийн эмнэлгээс гарч нөгөө нь тун удахгүй гарах гэж байгаа гэнэ.
Цусны сийвэн гэдэг нь цуснаас түүний улаан эс, цагаан эс, ялтасуудыг ялган авч үлдсэн шар өнгийн шингэнийг хэлдэг байна. Вирусийг ялан эдгэрсэн өвчтөний цусны сийвэнд байх эсрэг биетийг өвчтөнд тарьж вирусыг устгах аргаар цусны сийвэнгийн эмчилгээг хийдэг аж. Коронавирусийн эсрэг цусны сийвэнгийн эмчилгээг Хятад улс өмнө нь анх удаа хийсэн ба үүний дараа БНСУ хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ юм. Харин Европ болон АНУ цусны сийвэнг цуглуулж байгаа юм байна.
Үүний өмнө SARS, MERS, Эбола, шувууны ханиад зэрэг шинэ төрлийн вирусийн халдваруудад энэ эмчилгээг ашиглаж байсан юм. MERS өвчний үед 9 хүнд тарьж байсан гэнэ.
Цусны сийвэн эмчилгээгээр эдгэрсэн эхний хүн
Энэ удаагийн цусны сийвэнгийн эмчилгээгээр үр дүн гарч эдгэрсэн 71 настай Ким нь халуурах, ханиалгах шинж тэмдэгтэйгээр коронавирусийн онош нь батлагдсан юм. Вирусийн эсрэг хумхаа болон ДОХ-ын эмчилгээ зэргийг хийсэн боловч биеийн байдал сайжрахгүй байсаар байв.
Ёнсей Северанс эмнэлэгт анх хүргэгдэн ирэхдээ түүний хоёр уушиг аль аль нь үрэвссэн хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байв. Амьсгалын замын цочмог хямрал үүсч хиймэл амьсгалын аппарат хэрэглэж байсан боловч байдал сайжрахгүй байсаар байлаа. Үрэвслийн түвшин хэвийн хэмжээнээс 20 дахин ихэссэн байв.
Судалгааны багийхан, эдгэрээд 2 долоо хоносон эрэгтэй хүний 500 мл цусны сийвэнг Кимд 12 цагийн зайтайгаар 2 удаа хийжээ. Мөн стероидын эмчилгээг зэрэг явсан байна. Үүний үр дүнд нь өвчтөний халуун бууж үрэвсэл хэвийн хэмжээнд очжээ. Цээжний рентгэн зургаар хоёр уушиг нэмж муудаагүй байлаа. Ямар нэгэн харшилын зүйл ажиглагдсангүй байна. Тэрээр хиймэл амьсгалын аппаратаа авч коронавирусийг ялан эдгэрсэн юм. Ким нөхөн сэргээх эмчилгээний дараа эмнэлгээс гарах болно гэжээ.
Цусны сийвэн эмчилгээгээр эдгэрсэн хоёр дахь хүн
Цусны сийвэнгийн эмчилгээнд орсон хоёр дахь хүн бол 67 настай И юм. Тэр цусны даралтын хууч өвчтэй байв. Тэрээр өндөр халууралт болон булчин өвдөх шинж тэмдэгтэйгээр коронавирусийн шинжилгээнд орж вирус авсан нь батлагдсан. 4 дэхь өдрөөс амьсгалын замын шинж тэмдэг илэрч хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр зүүн уушги муудан Северанс эмнэлэгт хүргэгдсэн байлаа. Амьсгалын замын хямрал улам хүндэрч, хиймэл амьсгалын аппарат залгагдав. Хумхаа өвчин болон ДОХ-ын эсрэг эмчилгээ хийсэн боловч цусны лимпийн хэмжээ доошилж халуун буурахгүй л байлаа. Стероидын эмчилгээ хийлгэсэн ч вирусийн хэмжээ өсөв.
Судалгааны багийхан И-д ч мөн адил цусны сийвэнгийн эмчилгээг стероидын эмчилгээтэй хамт хийсэн байна. Гэтэл цусны лимп сэргэж, вирусийн хэмжээ буурчээ. Уушгиний байдал огцом сайжирч үрэвсэл ч байхгүй болов. Ингээд И эдгэрч өнгөрсөн сарын сүүлээр эмнэлгээс гарсан байна.
Цусны сийвэнгийн эмчилгээ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдоогүй ч үүнийг хүнд өвчтөнүүдийн хувьд хамгийн сүүлийн арга болгон ашиглаж болно гэж ЭМЯ болон мэргэжилтнүүд үзэж байна.
Жүн Ан Илбу сонины сурвалжлагч Шин Сон Шиг, Хван Сү Ён нарын мэдээг орчуулав.
БНСУ, Сөүл хот, Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа