Цаг үеийн мэдээ

Бурхан эсвэл … Хэн нэгэн бүтээгч дэлхий хэмээх их оршихуйд амьдралыг бүтээж байв. Хөх тэнгэрийн дор ногоорон харагдах уул, ус ургамал модод. Түүнд эрхлэх жаргах загас жараахай,  өтгөн ногоон модод дунд дураар амьдрах ан амьтан дутуу юмгүй гайхамшигтай ертөнцийг бий болгов.  Хоног хугацаа урсан өнгөрөхийн хэрээр ан амьтан өсөн үржиж, ургамал модод урган дэлгэрч, үр жимс нь арвин өгөөжөө өгөв.

  Гэвч улам ихэд шунан дурладаг нь хэний ч зан юм хойно илүү ихийг бүтээх хүсэл нь бүтээгчийг зүгээр суулгасангүй. Түүнд зэрлэгшсэн ан амьтдыг нь арганд оруулчих, зах нь үл харагдах их байгалийг цэгцэнд оруулчих, цэцэг жимсийг нь боловсруулчих өндөр оюун ухаант төрөлтөн бүтээх мэргэн санаа төрөв.

Ийнхүү энэ хорвоод хүн бий боллоо. Зовлон, жаргалыг мэдрэх өндөр мэдрэмжтэйг нь бодож хорвоог хосоор туулуулах гэж эр, эм хүнийг төрүүлэв. Олныг хайрлаж тэтгэх оюун ухаантайг нь үнэлж, өөрийн бүтээсэн орчлонг дэлхийг ХҮН түүнд хариуцуулан үлдээв. Удсан ч үгүй хүн төрөлтөн өсөж олон болов. Өнөр олуулаа тэд өөрийн хотыг бүтээв. Ширүүн урсгалт голыг захирч дээгүүр нь гүүр барьж  байна тэд, өтгөн олон модыг  зүсэж зам тавьж байна бас. Өндөр өндөр барилгыг өөд өөд нь өрөн барьж, өсөж үржсэн амьтдыг нь сургаж гаршуулан тэжээх юм гэнэ. 

 Өөрийн бүтээсэн ертөнцийг үлэмж гайхамшигтай болгосоор байгаа хүн төрөлтнийг төрүүлсэндээ Бүтээгч ихээр баярлав. 

Гэвч аливаа сайхан зүйл өнө мөнх урт удаан оршин тогтнодоггүйн учир шалтгааныг өнөөх хүн төрөлтнүүд харуулж эхлэв.  Тэд дэлхий хэмээх оршихуйд багтахгүй олон болсон байв. Дээр нь нэмээд тэдний хэрэглээ барагдахгүй өссөн байв. Мөнгө хэмээх цаас бүхнийг захирдаг болж, мөнгөний төлөө тэд бүтээсэн бүхнийг нь устгаж байв. Байгаль эх дэлхийнх нь өвөр гэдсийг онгичин ухаж, уулыг нурааж, усыг ширгээж, амьсгалах агаарыг бохирдуулж байв. Ан амьтан нь амьдрах газар үгүй болж аргагүйн эрхэнд үхэж үрэгдэж байв. 

Өр нимгэн байх эмэгтэйчүүдийнх нь гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад хайрлаж өсгөсөн амьтдыг нь хайр найргүй ашиглаж байв. Өхөөрдөм жаахан бөжингийн нүдэнд нь шампунь дусааж туршина. Өөдөсхөн муурын зулзаганы хамарт үнэртэй ус чихнэ.

      

 

Нүд халтирам энэ харгис үйлдэл нүгэлт хүн төрөлтний үнэн төрх аж. Лавлаад цааш харвал зах нь үл харагдах үйлдвэржилт, хаяа нь олдохгүй хог хаягдал. Даанч дээ хэмээн гаслахад дэндүү оройтжээ тэр.  Өөрийн бүтээсэн оршихуйд урьж авчирсан хүн төрөлтөн дэлхий хэмээх ертөнцөд дэндүү давруу эзэн суужээ. 

Тэд хөл доороо арьсыг нь дэвсэх гэж баавгай барсыг алдаг болж, хүйтэн зэвсгийнхээ шидийг үзэн зугаацах гэж хөөрхий амьтдыг хяддаг болж.

     

Хүүхдээ харин зугаацуулах гэж хөх торны цаана амьтдыг хорьдог болжээ. Уур нь бадарсан бүтээгч хар салхийг исгэрүүлж, хан мөрнийг үерлүүлэв. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд балмагдаж хүн төрөлтөн айв.  Гэвч айдас хэмээх зүйл түр зуурынх мэдрэмж юм хойно.  Хэсэг хугацааны дараа цэнхэр далай нь аажмаар цул хогоор дүүрч хөвөн сэлэх амьтдын хүүр нь ил гарав. Хөвчин ой нь түймэрт хядагдаж, хиншүү хярвас тэнгэрт тулж, хөөрхий амьтад нь түлэгдэж үхэв. 

Ухаант хүний нийгэм улбаалж бий болсон цагаасаа сая сая ан, амьтан ургамал ахин хэзээ ч сэргэхгүй мөхжээ.  Энэ миний бүтээсэн дэлхий мөн юм гэж үү? хэмээх өнөөх Бүтээгч гашуудаж, өршөөж хэзээ ч уучлахгүйгээр үхлийн вирусийг илгээв.  Цэвэр сайхан дэлхийг минь сүйрүүлсний минь хариуд сэхээд босвол тэр л биз. Ан амьтныг минь устгасны хариуд амьдралаа авч үлдэж чадвал тэр л биз хэмээв.  

Мөнх амьдрах юм шиг бодож, мөнгө хэмээх цаасыг шүтэж явсан хүн төрөлтөн хайртай дотны бүхнээсээ хагацаж, магад үнэний өмнө өвдөг сөхөрлөө. Ачлалт эцэг эхээ алдлаа, амин хайртай ханиа алдлаа, алдрай бяцхан үрсээ алдлаа.  Хавь ойрын бүхнээ хөнөөлт өвчинд ахиж алдахгүйн хөөрхий хүн төрөлтөн гэртээ хоригдлоо.  

   

Харгис хүн төрөлтний хөл хориулсан энэ үед хөмөрсөн дэлхийд гэрэл тусаж, хөөрхий амьтдынх нь айдас үргэв. Хөнөөлт хүн төрөлтний хөдөлгөөн үгүй болсон энэ өдрүүдэд ус цэвэршив, ургамал ургав, уулс нуруугаа тэнийлгэв.  

Хүн төрөлхтөн үгүй бол байгаль дэлхий оршин тогтнох ч байгаль дэлхий үгүй бол хүн хэрхэн орших билээ?

Ахин хэзээ ч сэргэхгүй мөхөж буй байгаль дэлхийтэй харьцуулахад хүний нийгэм ер нь хэр үнэ цэнэтэй билээ?

 

Сэтгүүлч У.Дашбат

 

 

 

Таны сурталчилгаа