Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 212 орон улс, бүс нутагт уг халдварын өвчлөл бүртгэгдэж, 1.5 сая хүн өвчилж, 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна. АНУ, Герман, Итали улсад өвчлөл эрчтэй тархсан хэвээр байна. БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн. Монгол Улсад нийт 16 хүн халдвараар өвчилснөөс дөрөв нь эдгэж, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор нийт 1572 хүн ажиглалтад байгаа бөгөөд  194 хүн өчигдөр /2020.4.9/ ажиглалтаас гарлаа. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 257 хүн ирснийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалт сувилал зэрэг газарт тусгаарлалаа.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал болсон. Дэлхий дахин covid-19-тэй тэмцээд 100 дахь хоног дээрээ ирээд байна. Шинэ вирус тул урьдчилан таамаглахад хэцүү байна. Тиймээс дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй, тухайн бүс нутаг, улс орны иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байхыг уриалсан.

Гараа сайтар савандаж угааж, маскаа тогтмол зүүж, шаардлагагүй үед гадуур явахгүй байхыг анхааруулъя.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

"Дорноговь аймгийн Замын-Үүдэд өчигдөр /2020.4.8/нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийн 83-г нь ХӨСҮТ-д тусгаарласан. Сэлэнгэд батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчран тусгаарласан. Ойрын хавьтлын 15 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Өчигдөр нийт 38 шинжилгээ хийлээ. Одоогоор ХӨСҮТ-д 205 хүн ажиглалтад байна.  Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-ийн ажилтай танилцсан. Ингээд бидэнд баяр хүргэж, урам өгсөн. Мөн Улсын онцгой комисст цугласан хандивын мөнгөнөөс халдварын бүсэд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн 200 ажилтанд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгосон" гэлээ

 

Таны сурталчилгаа