Цаг үеийн мэдээ

Ахмадын асрамжийн газар 40 хүний ортой. Гэвч одоогоор 50 гаруй иргэнийг асран халамжилж байна. Тэдний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй. Энэ талаар "Жаргалан эдлэн" ТТБ-ийн тэргүүн С.Цэгмидээс тодрууллаа.

-Одоогоор танай байгууллага хэчнээн иргэнийг асран халамжилж байна вэ. Тэдэнд тулгарч буй гол асуудал юу байна вэ?

-Манайд одоогоор 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд нийгэмд хандах хандлага, сэтгэл зүй, хууль эрх зүй зэрэг зүйлээс хоцрогдмол байдаг. Нэгдсэн холбоо байгуулснаар Монгол Улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болно гэж бодож байна. Төрөөс болон нийгмээс, гэр бүлээсээ ямар ч үйлчилгээ авч чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон байна. Үүнийг маш өргөн бодлогын хүрээнд авч үзэж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйд нь, орчинд нь анхаарч сонсох хүн нь олон болох болов уу гэж бодож байна. Манайд одоогоор нийт 50 гаруй хүн бий. Тэдний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй. 

-Тэдгээр хүмүүс ажлаа хийж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан уу. Дийлэнхдээ ямар шалтгаан нөхцөлтэй ирдэг вэ?

-Ажлаа хийж явахдаа барилгаас унаад хөл гараа гэмтээчихсэн, тархины гэмтэлтэй болчихсон, харвалт өгч тархины гэмтэл аваад хөгжлийн бэрхшээлтэй болчихсон, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй залуу ч бий. Хүүхэд асрах газар өссөн 18 нас хүрээд гарах байтал 25 нас хүртлээ байчихсан. Хөгжлийн бэрхшээлтэй учраас ажил хийж чадахгүй, очих газар байхгүй залууг авчихсан асарч байна. 

-Тэдгээр хүмүүст гэр бүл асран халамжлах хүмүүс байдаггүй хэрэг үү?

-Хамгийн гол нь гэмтлээс болоод мартаж, санана. Ой санамжаа алдчихсан, гэрээ олохгүй байгаа юм аа гээд Гэмтлийн эмнэлгээс хүртэл ирдэг. Энэ хугацаанд бид олон хүнийг хөл дээр нь босгосон. Үүнд эргээд эргэх холбоо гэдэг зүйлийг заавал тогтоох хэрэгтэй юм билээ. Мэдээж тэр хүн тэнгэрээс унаад ирээгүй. Ар гэр, үр хүүхэд гэж байж л байгаа. Тиймээс тэр хүний ар гэр нь хаана байна, тэднийг яавал олж тогтоох вэ гээд бид хамтарсан багаар ажилладаг. Одоогоор 40-өөд хүнийг эрүүл саруул болгоод ар гэрт нь хүлээлгэж өгсөн. 

-Та хэзээнээс энэ ажлыг хийх болов. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Би малчин хүн л дээ. 2019 онд буян хийж яваад илүү гэрээ зайчилж анхны хүнээ авч байсан. Коронагийн үед бичиг баримтгүй, хөл гараа тайруулсан, харааны бэрхшээлтэй, орон гэргүй хөгжлийн бэрхшээлтэй эмээ өвөө нарт тусалж долоон гэр шинээр бариад тэдгээр хүмүүсийг асран халамжилж эхэлсэн. Бараг ах дүү нар нь гэртээ оруулахгүй байхад 35 хүнийг асарч эхэлсэн юм. Тэр үед санхүүжилт байхгүй. Мэдээж аливаа юм дэг журам хуулийн хүрээнд явах ёстой. Тэгээд л Төрийн бус байгууллагаа байгуулах ёстой, магадлан итгэмжлэгдсэн байгууллага болж байж эрхээ авна. Ингээд ноднин манайх магадлан итгэмжлэгдсэн байгууллага болж хувьсах зардлаа Халамжийн ерөнхий газраас авч, тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүмүүс танай төвд очих хүсэлт их ирдэг үү?

-Одоогоор манайд 2000 гаруй хүн хүсэлтээ ирүүлчихсэн ор байна уу гээд хүлээгээд байж байна. Тэдний 1000-гаад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эдгээр хүмүүсийг хүлээж авах орон байрны асуудал хүнд л дээ. Одоо манайх 40 хүний хүчин чадалтай байтал 50 хүргэчихсэн. Өвөл хөлдөж үхэх нь, траншейнд байна, эрх нь зөрчигдсөн эмээ өвөө нар байна. Тэднийг гудамжинд хөлдөөхгүйн тулд эрхзүйчээсээ зөвлөгөө аваад, өдрийн гурав хоолтой асаргаатай, зай талбайгаа шахаад авч байгаа юм. 

-Танайд анх хандахдаа тэдгээр хүмүүс ямар байдалтай ирдэг вэ?

-Анх ирэхдээ 2-3 төрлийн хавсарсан өвчтэй ирдэг. Эрт илрүүлэгт жилдээ 2-3 оруулаад ирэхээр нөгөө хавсарсан өвчлөлүүд илрээд эхэлнэ. Тэгэхээр хүнд өвчтэй хүн асрах хамгийн хэцүү. Наад зах нь ажилтан олдохгүй. 

-Асран халамжлаад өвчнийг нь эдгээгээд эргээд гэр бүлийг нь олоод хүргээд өгөхөөр буцах тохиолдол бий юу?

-Мэдээж эдгээр хүмүүст гэр бүл байж л байгаа. Таны мэдээлэл дээр үр хүүхэд, хань ижил чинь гарч ирж байна гэхээр 30 жилийн өмнө салчихсан, 40 жилийн өмнө ээжийгээ, аавыгаа дагаад явсан шүү дээ гэдэг. Тэдгээр үр хүүхэд нь тоодоггүй. Гэтэл бичиг баримт бүрдүүлэх болохоор тэр үр хүүхдүүд нь татгалзсан тухай, эсвэл өөрөө татгалзаад шүүхээр ороод ир гэнэ. Автобусны мөнгөгүй, хоолгүй байгаа хүмүүс юун тэр архив ухаад, шүүх хурлаар орох манайтай. Нөгөө хүүхдүүд нь сураггүй, гадаад дотоод явчихсан, эсвэл нас барсан болоод гараад ирдэг. Би хүмүүстэйгээ ажиллаж үзсэн л дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн хүн ч байна. Цэрэг, цагдаагийн хурандаа нар, эмзүйч, их эмч нар, ерөнхийлөгчийн референт байсан таван орны хэлтэй, англи оросод урилгаар сурч байсан боловсролтой хүн хүртэл манайд сууж байна шүү дээ. Тэр хүн яагаад өнөөдөр манайд ирэх болов нөгөө л үр хүүхэд нь нас барсан, өвдөнгүүт нь орхигдсон. Өнөөдөр манай нийгэмд ахмадууд маш их хүн хаягдсан. Өдөрт 50-60 дуудлага дандаа хүн авах уу, хүн авах уу гэж ярьдаг. Энд нэг өвөө сууж байна, энд нэг эмээ байна гэх мэтээр. Тэгэхээр бодлого шийдвэртээ асрамжийн төвүүдээ өргөсгөх, томосгох, нэмэгдүүлэх шаардлагатай. Хамгийн нэг номерт юу байна гэхээр Альцхаймер буюу зөнөглөх, тэнэгрэх өвчин айл бүрд байна. Ахмадууд маш их тийм болчихжээ. Стрессээс болдог юм уу. Залуу сайхан насандаа 30-40 жил улс орондоо хөлс хөдөлмөрөө зориулсан мөртлөө өөрийгөө хэн гэдгийг санахгүй. Гэр орноо мэдэхгүй, хүүхдүүдээ танихгүй. Энэ өвчинд анхаарах цаг болжээ гэж харж байгаа.

Таны сурталчилгаа