СХД-ийн есдүгээр хороонд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гарсан найман автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн ослын улмаас 3-80 насны 11 хүн бэртсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэж байсан билээ.
Уг зам, тээврийн осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөж ноцтой зам тээврийн осол гаргасан.
Осолд өртсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3-80 насны 11 хүн гэмтсэн бөгөөд ослын улмаас бэртсэн нэг хүн ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тиймээс барилгын ажил эрхэлж буй болон том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарах шаардлагатай байна.
Том оврын ачааны машин өөрөө масс ихтэй учир ямар нэг байдлаар зам тээврийн осол, хэрэг гаргасан тохиолдолд маш их хэмжээний хор хохирол үүсгэх аюултай" гэлээ.