МЭДЭГДЭЛ
Улсын их хурлын гишүүн Х.Нямбаатар нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “...Тэсо ХХК нь Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гурил, будаа, боов чихэр, нүүрс, хуучин хувцас үнэ төлбөргүйгээр компаничлан тарааж байна...” хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн индэр дээрээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж, манай компанийн бизнесийн нэр хүнд, цаашлаад 2,000 гаруй ажилчдын маань эрх ашиг, сэтгэл зүйд халдлаа.
Манай компани нь нийгэм болон ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, дэлхий нийтэд тархаад буй “Covid-19" вирусээс үүдэлтэй цар тахлын хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, тогтвортой ажлын байр, ажилчдынхаа орлогын эх үүсвэрийг алдагдуулахгүйг хичээн ажиллаж байгаа энэ үед үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар улс төржүүлэн түгээж байгаад гүнээ харамсаж байна.
Дээрх үйлдэл нь манай компанийн нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа тул холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр хүндээ сэргээлгэхээ албан ёсоор мэдэгдэж байна.