Цаг үеийн мэдээ

        “Шиндлерийн бүртгэл” киногоороо олонд танигдаж “Taken” буюу “Хулгайлагдсан” киногоороо үзэгчдэд илүү их алдаршсан энэ эрхмийг Лиам Нисон гэдэг. Олон арван киног амилуулж тэр хэрээр олны хайртай жүжигчин болсон тэрээр зүрх сэтгэлийнхээ гүнд үгээр илэрхийлэхийн аргагүй гунигт харууслыг тээж явдаг аж. Учир нь Нисон 11 жилийн тэртээ хайртай эхнэрээ алдсан билээ. 2009 онд түүний хайрт гэргий Наташа Ричардсон цанаар гулгаж байгаад осолджээ.  

            Тэрбээр эхнэрийнхээ үхлийг одоо болтол бодит зүйл биш хэмээн итгэж явдаг аж. Нисон гэргийгээ осолдсон гэдгийг дуулаад эмнэлэгт яаран очиход эмч тархи нь үхжиж үхэл амьдралын заагт байгааг эмч нар түүнд хэлсэн байна.  Эхнэр нь ч элдэв эмчилгээ хийлгэж өөрийгөө зовоолгохыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Тэд өмнө нь бие биедээ амлалт өгч байжээ. "Хэрэв муу зүйл тохиолдож хэн нэгэн маань үхлийн ирмэгт ирвэл зүгээр л унтуулах хэрэгтэй"  хэмээсэн амлалт байв. Ингээд тэрээр хамгаас хайртай гэргийгээ удаан зовоохгүйн тулд үүрд унтуулсан юм.

            Тэрээр, “Түүний минь үхэл бодит биш. Одоог хүртэл би тэгж боддог. Нью-Йорк дахь гэртээ байхад минь хаалга онгойх бүрт түүнийг ороод ирж байгаа мэт санагддаг. Ялангуяа өнгөрснөөс нь хойшхи хоёр жил энэ байдал илүү их мэдрэгдсэн” гэжээ.

Лиам Нисон өөрийн гэр бүл, ойр дотныхонтойгоо ярилцаад эхнэрийнхээ эрхтнүүдийг өвчтэй хүмүүст донор болгожээ. 

            “Түүний минь зүрх, элэг, бөөр гурван хүний амийг аварсан. Энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байсан ч тэр минь ингэхийг хүсч, харин ч баярлах байсан гэж бодож байна. Эхнэрийн минь хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, эд хэрэглэл нь одоо хүртэл гэрт минь байдаг. Өглөө сэрээд л тэднийг харж байж би тайвширдаг. Гэр бүл, найз нөхөд минь намайг сэтгэцийн өвчтэй л гэдэг юм. Гэхдээ эхнэр минь миний хувьд юугаар ч орлуулахгүй эрдэнэ минь" хэмээжээ.

Жүжигчин эр удтал гунихарч, сэтгэлээр унаж байсан бөгөөд өнөөг хүртэл талийгаач эхнэртээ үнэнч хэвээр байна.

 “Түүнтэй өнгөрүүлсэн он жилүүд миний хувьд хэзээ ч мартагдашгүй, сайн сайхан дурсамжтай өнгөрсөн. Бурхан надад түүнийг минь өгсөн шигээ буцаагаад аваад явчихсан. Би тэр үед үнэхээр амьсгалж ч чадахгүй байсан. Би одоо ч түүндээ хязгааргүй их хайртай, маш их санаж байна” хэмээжээ.

Таны сурталчилгаа