Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Нямхүү : 2020 оны 4 сарын 10 буюу өчигдөр Монгол улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийснээс бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан. Үүн дотор Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр хамт орж ирсэн 265 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Тандалтын шугамаар  23 хүнд мөн шинжилгээ хийснээс бүгдэд нь  коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүнд давтан шинжилгээг хийсэн ба мөн коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлагдан хяналт, шинжилгээ, эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна. Эмчлэгдэж буй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг өндөр зэрэглэлийн компьютерээр хянаж байгаа. Цус, шээс бусад хэрэгтэй шинжилгээнүүдийг давтан авч хянаж байна. Хамгийн гол нь иргэд маань анхаарлаа сулруулж болохгүй. Дулаан орсонтой холбоотой хүмүүс амны хаалт зүүхэд бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар зүүхгүй байгаа нь том эндүүрэл, том алдаа юм. Өвлийн улиралд иргэд бээлий их өмсдөг байсан ч одоо бээлий өмсөхгүй байна. Хятадууд цагаан цайвар өнгийн нимгэн бээлий өмссөнөөр халдвараас маш сайн хамгаалсан гэдэг туршлагаа дэлхийд зарласан. Хүний гар бол сайн муу зүйлд шууд хүрдэг учраас халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй байдаг. Автобусны бариул, хаалганы бариул, шатны бариул зэрэг бариулуудыг зэвэрдэггүй гангаар хийсэн байдаг. Коронавирус нь үүн дээр удаан тогтож, амьдрах чадвартай вирус гэдгийг дэлхий бидэнд мэдээлсээр байна. Бид  урин цаг ирсэн ч гэсэн амны хаалтаа зүүж, бээлий өмсөх, гарын ариун цэврээ чанд сахиж анхаарал болгоомжоо сулруулахгүйгээр энэ аюулт өвчнийг даван туулах хэрэгтэй байна. Ингээд иргэддээ амны хаалтаа тогтмол зүүе, гараа тогтмол угаая, бээлий өмсье, гадуур шаардлагагүй тохиолдолт гарахгүй байя хэмээн уриалж байна. 

 

 

Таны сурталчилгаа