Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020.04.11, 12-ны амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн 5 жил зогсонги байдалтай байсан бөгөөд Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж бүрдсэн юм.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэхүү авто зам нь баруун бүсийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил болохыг онцлон тэмдэглээд гэрээт хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. Мөн энэ чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг технологийн өндөр түвшинд гүйцэтгэж буй компанийн удирдлага, ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж, 2019 онд эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулан, нийт ажлын 45 хувийг хийж гүйцэтгэжээ. Энэ жилийн барилгын улирал эхэлснээр талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж байна.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдээд зогсохгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, алслагдсан аймгуудад үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэх, ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих сайн талтай юм.

 

 

 

 

 

Таны сурталчилгаа