Монголбанкны Мөнгөнийн бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараахь хоёр шийдвэрт хүрчээ:
-Бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
-Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргалаа.
Хэрэглээний зээлд цалингийн зээл багтаж байна.
Ипотекийн зээлийн хувьд ямар нэгэн нотолгоо шаардахгүйгээр хугацаагаа сунгаж байгаа бол бусад хэрэглээний зээлийн хувьд эргэн төлөлт нь хүндрэлд орсон,тасарсан гэх нотолгоо хэрэгтэй гэлээ.
Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжилийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмждэг болно.