Дэлхий дахинаа коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо аль хэдийнээ хоёр сая давсан байна.
“COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас баржээ. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо энэ сарын 2-нд нэг саяд хүрч, нас баралт 50 мянга давсан юм.
Шинэ коронавирусийн халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээсээ хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна.
БНХАУ-ын хувьд халдварын 83 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын голомт Ухань хотод тогтоосон 11 долоо хоногийн хөл хориогоо саяхан цуцалсан юм.
Итали, Испани, АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан орнуудад вирусний тархалт саарч буй хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт цуцлахгүй байхыг даваа гарагт анхааруулжээ.