Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас “Олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хорооны хэсгийн ахлагчийн ажиллах түр журам”-ыг батлуулахаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан. Үүний дагуу Онцгой үеийн шийдвэр гаргах журмаар Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн цагдаагийн тоог нэмэгдүүлэх тогтоол баталсан байдаг.
Өнөөдрийн байдлаар олон нийтийн 180 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 оны төсөвт орон тоог нэмсэнтэй холбоотой төсөв суулгаагүй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд боломж нөөцөө ашиглан хороодын хэсгийн ахлагчдаар олон нийтийн цагдаагийн үүргийг түр гүйцэтгүүлэхээр төлөвлөн дээрх журмыг боловсруулжээ.
Хууль тогтоомжийг сурталчлах, гудамж талбайд шүлс, хогоо хаях, зөвшөөрсөнөөс бусад цэгт тамхи татах зөрчил зэрэгт хяналт тавьдгаараа олон нийтийн цагдаа болон хэсгийн ахлагчдийн ажлын чиг үүрэг ойролцоо хэмээн үзсэн байна.Тухайн ажлын хүрээнд өдгөө нийслэлийн есөн дүүргийн хороодын хэсгийн 1628 ахлагчийг сургалтад хамруулан, шалгалт авч, шаардлагад нийцсэн хэсгийн ахлагчдаар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгүүлэх юм. Тэргүүлэгчид журмын төслийг хэлэлцэн дэмжиж, олон нийтийн цагдаагийн хантааз, малгай зэрэг хэрэгсэлд зарцуулах хөрөнгийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санхүүжүүлэхээр тогтлоо.
Ингэснээр шинэ коронавируст халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хотын соёлыг нэмэгдүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, энэ чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт тавих ажилд хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэн оролцох боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ