Цаг үеийн мэдээ

      Дэлхийн олон оронд  70  орчим өөр вакцин хөгжүүлэлтийн шатандаа яваагаас гурвыг нь хүн дээр туршигдаж эхэлсэн хэмээн ДЭМБ мэдээлжээ. ДЭМБ бүтээгдэж буй вакцинуудын жагсаалтаа дөрөвдүгээр сарын 11-нд шинэчилсэн байна. Эм бүтээгчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж вакцин боловсруулахад шаардагдах урт хугацааг аль болох богиносгохын тулд хичээж байна. Хятадын биотехнологийн компани CanSino аль хэдийн вакцины туршилтын хоёрдугаар шатанд орсон гэнэ. Харин АНУ-ын Inovio Pharmaceuticals, Moderna гарааны компаниуд туршилтын эхний шатандаа явж байна. Мөн Johnson & Johnson, Sanofi том корпорациуд аль болох түргэн туршилтаа эхлүүлэхээр ажиллаж байна.

      АНУ-ын харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Энтони Фаучигийн хэлснээр АНУ-ын вакцин бэлэн болоход багадаа 12-18 сар шаардлагатай аж. Гэвч зарим эрдэмтэд 12-18 сар зарцуулсан вакцин нийтэд нэвтрүүлэхэд дэндүү эрсдэлтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Жишээ нь “Доктор Фаучи вакцин бэлэн болоход 12-18 сар шаардлагатай гэж байгаа нь хэтэрхий өөдрөг таамаг. Тэр өөрөө ч үүнийг мэдэж байгаа байх” хэмээн 1990-ээд оны сүүлээр ротавирусийн эсрэг вакцин гарган авах ажилд оролцсон Паул Оффит ярьжээ.

     Шинэ вакциныг эхлээд лабораторид, амьтан дээр, сүүлд нь аюулгүй байдлыг бүрэн хангасан цөөн хүн дээр туршиж байж үнэхээр үр дүнтэй эсэхийг баттай мэддэг. Энэ бүх шатыг анхааралтай хэрэгжүүлж, нэг бүрчлэн хянаагүй вакцин хүнийг хамгаалахын оронд харин ч дархлааны системийг сулруулах аюултай аж. Гэвч үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан аль болох түргэн вакцин боловсруулахын тулд зарим компаниуд амьтан дээрх туршилтыг алгасч байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Эх сурвалж: BUSINESSINSIDER.COM

Таны сурталчилгаа