Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний ажилчдын төлөөлөл өөрсдөдөө тулгамдаад буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар Төмөр Замын Удирдах газраас Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний 52 ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн №34/515 тоот албан бичгийн дагуу 66 айлын орон сууцжуулахаар болсон.

Тухайн орон сууцанд хамрагдахаар нийт 52 иргэн 2014 оны зургадугаар сарын 30-ны өдөр "Эрдэм түм" ХХК-тай гэрээ хийж, орон сууцны урьдчилгаа болох 30 хувь буюу 712 сая төгрөгийг тушаажээ.

Гэвч 6 жилийн хугацаа өнгөрөхөд эдгээр иргэд байрандаа орж чадаагүй, урьдчилгаа мөнгөө буцааж авч ч чадаагүй байна.

Энэ талаар хохирогчдын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч Н.Нямдорж "Иргэд өнөөдрийг хүртэл байргүй, мөнгөгүй хохирч, хуулийн байгууллагад хандсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Одоогоор зарим иргэдийн амьдрал доройтож, үхэхээс ч буцахгүй үйлдэл хийх болсон. Замын-Үүд зангилааны даргаар ажиллаж байсан О.Мэндсайханыг цагдаагийн байгууллагад шалгуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.

Барилгын гэрээ хийсэн компани нь барилгын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар ажлаа зогсоож, дуусаагүй барилгын карказ дээр 60 хувийн гүйцэтгэлтэй гэсэн Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулжээ.

Ингэснээр 2018 онд нотариатаар 52 иргэнийг байлцуулалгүй "Бэлэглэлийн гэрээ" гэгчийг байгуулан дуусаагүй барилгаа 52 иргэний нэр дээр шилжүүлэн хариуцлагаас зугтаах арга зам бий болгосон талаар мөн ярьсан юм.

Үүсээд буй асуудал, нөхцөл байдлын талаар:

Таны сурталчилгаа