Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Тус цэцэрлэг нь 60 орчим жилийн түүхтэй, Улаанбаатарын ууган цэцэрлэгүүдийн нэг боловч барилгын ашиглалтын хугацаа дууссан, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа юм.
Шинэ цэцэрлэг 2020 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай аж.
Мөн 2019 онд Эмиратын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 100 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барьж байна.
Сүүлийн дөрвөн жилд АНЭУ-ын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх, махчин шувуудыг хамгаалах, зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг арга хэмжээнд нийт 1 сая 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
Ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тунейжи болон албаны бусад хүмүүс оролцлоо.ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын хүүхэд багачууд аятай тухтай, эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд АНЭУ-ын Засгийн газраас ийнхүү өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ