Цаг үеийн мэдээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монголын төрд нэгэн сайн жишиг тогтоогоод явлаа. Тэрээр зөвхөн “Гөлөг шиг хүмүүстэй гөлөг шиг харьцах хэрэгтэй” гэж хэлснийхээ төлөө Хүний эрхийн үндэсний комиссын дарга, комиссын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Төрийн хүний хувьд ёс бус үг хэрэглэж иргэдээ гөлгөөр нь дуудах нь буруу ч түүний энэ үйлдэл бусдад гай болсонгүй, цаашлаад улс орныхоо нэр хүндийг сэвтүүлсэнгүй. Гэвч тэрээр юм үзсэн хүн гэдгээ харуулж бүх ажлаа хүлээлгээд өгчихлөө. Хүнд гаруудын жишгээр бол зөвхөн Хүний эрхийн үндэсний комиссын даргын ажлаа өгөөд комиссын гишүүн хэвээрээ үлдэж болох л байлаа. УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшорын асуудалд холбогдоод зөвхөн дэд даргаасаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮ-гийн асуудалд холбогдоод зөвхөн сайдын суудлаасаа, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын авиа компанийн онгоцны үйлчлэгчийн өгзөг базсан хэрэгт холбогдож зөвхөн Цэцийн даргаасаа л чөлөөлөгдөж Цэцийн гишүүн хэвээрээ үлдсэн. Тэд Ж.Бямбадорж даргын энэ үйлдлийг хараад өөрсөдтэйгөө зүйрлэн ичиж байгаа болов уу. Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн гишүүн өгзөг хэмээх Б.Одбаяр. Тэрээр олон улсын түвшинд улсынхаа нэр хүндийг уландаа гишгэсэн ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээрээ үлдсэн. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг ажлаас нь бүр мөсөн чөлөөлж байгаа шиг Д.Одбаярыг ч Үндсэн хуулийн цэцээс явуулах ёстой. Уг нь явуулах бус тэр өөрөө ухамсарлаж сайн дураараа явах ёстой. Харамсалтай нь тэрээр Ж.Бямбадорж дарга шиг ёс зүйтэй үйлдэл хийж чадахгүй бололтой. 

Таны сурталчилгаа