Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газар, Монголбанктай зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл ашиглах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр,  Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр, гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээллийг ашигласнаар найдваргүй, чанаргүй зээл, төлбөр үүсгэхгүй байх боломжтой боллоо.

Мөн  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх болон бүрдүүлэх гэрээний биелэлтэд хариуцлагатай хандаж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх ач холбогдолтой юм.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэж заасан.

Онцгой байдлын ерөнхий газар нь тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар Монголбанкны мэдээллийн санд иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд  зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг тогтмол өгөх үүрэгтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа