Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНХАУ-ын 24 хот, муж болон өөртөө засах орны Боловсролын газрууд хичээл эхлэх хугацааг зарлаж, зарим газрын хичээл сургуулиуд орж эхлээд байгаа талаар мэдээлэл ирүүлжээ.
Коронавирусийн тархалттай холбогдуулан Хятад Улсад элсэлтийн ерөнхий шалгалтын товыг нэг сараар хойшлуулж, долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ шийдвэр Бээжин хот болон Хубэй мужид хамаарахгүй болохыг Хятадын Боловсролын яамнаас мэдэгджээ.
Мөн соёл, урлагийн чиглэлийн их, дээд сургуулиуд элсэлтээ цахим хэлбэрээр авч эхэлсэн байна. Бусад их, дээд сургуулийн үндсэн ангийн оюутнуудын элсэлт наймдугаар сард, тусгай мэргэжлийн ангийн элсэлт есдүгээр сард тус тус явагдах тул их, дээд сургуулиуд есдүгээр сарын дунд үеэс хичээллэж эхлэх магадлалтай гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас мэдээлэл гаргаж, онцгой үед сонор сэрэмжээ өндөржүүлэх, сургуулийн өнцөг бүрт хяналт тавих, коронавирусийн халдвар сургуулийн орчинд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байхыг шаардсан ба нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги болон дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын хичээлийг эхлүүлэх чиглэл өгчээ. Үүний дагуу тус улсын хот, муж болон өөртөө засах орны боловсролын удирдах газрууд тухайн нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, нөөц бололцоог харгалзан үзэж, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хуваарийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Эх сурвалж: БСШУСЯ