Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн нарын баталсан “Ариутгах халдваргүйтгэх бодис үйлдвэрлэгч ААНБ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 27-нд аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг шийдвэрлэх ажиллагааг явуулж,  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, Скала ХХК-ийн дэд захирал нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй хэрнээ спирт денатурат 1.4 тн-ийг худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг, Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн болох нь биет үзлэг, шалгалтын явцад үзүүлсэн баримт бичгүүдээс тогтоогдсон байна.

Тухайн иргэний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д /Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. 

Скала ХХК нь 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан аваад байгаа юм.

Тус Скала ХХК нь гар халдваргүйжүүлэх гель үйлдвэрлэх стандартын шаардлага хангасан ажлын байргүй, тусгай зөвшөөрөлгүй, АПУ ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох баримтаар тогтоогдсон байна.

Иймд  иргэдэд тус компанийн үйлдвэрлэсэн гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: СХД Мэргэжлийн хяналтын газар

Таны сурталчилгаа