Би харуулын байрыг нэвтрэн эмнэлэг рүү орно. Дамжих байр (шлюз) руу ороход халуун хэмжиж үзээд надад резин углааш, хос оймс, дотуур хувцас өгнө. Дотуур хувцас гэдэг маань цагаан судалтай хөх өнгийн цэргийн унтлагын хувцас бөгөөд таван хошуутай, "... арми" гэсэн бичигтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл өөрийнхийгөө өмсөх хориотой, харин эмнэлэгт дотуураа өмсөх хувцас хангалттай хэмжээгээр байхгүй тул байгаагаа л өгч байгаа хэрэг. Аз болоход энэ дотуур хувцас нь биед их эвтэйхэн. Хувцасны шүүгээнийхээ түлхүүрийг хүзүүндээ зүүнэ. Хамгаалалтын хувцсаа өмсөнө: комбинзон, гутлын углааш, амьсгалын баг (N 95 маск #орч), нүдний шил, 2 хос бээлий. Энд ногоон бүс дуусна. Цааш нь улаан бүс. Улаан бүсээс юу ч авч гарч болохгүй. За ингээд миний 12 цагийн жижүүр эхэлнэ. Биднийг энэ улаан бүс рүү орох бүрт дайнд үдэж байгаа мэт сайныг ерөөнө. Магадгүй бид эргэж ирэхгүй мэт...
Яг л онгоцноос хязгааргүй уудам руу явуулах мэт: нэгдүгээр явлаа, хоёрдугаар явлаа... Гол нь шүхрээ мартахгүй байх.
«САНСРЫН НИСЭГЧИЙН ХУВЦАС»- ТАЙ БИД НЭГ НЭГНЭЭ ТАНЬДАГГҮЙ
Бид энэ «сансрын нисэгчийн хувцас»-тайгаа бие биенээ танихгүй. Явдал, биеийн хэв маягаар онцгой нэгэн биш л бол танигдахгүй. Харин маскны цаанаас харагдах нүдээр нь таньж болно. Түрүүчийн жижүүр дээр хамт ажилладаг хүн маань комбинзоны малгай дээр минь миний нэрийг бичиж өгсөн юм. Би энийгээ мартчихсан байлаа. Дөхөж ирсэн зөвлөхүүд нэрээр минь хандаад, харин би тэднийг таньдаггүй. Гайхаад байлаа. Компьютер томограф руу очиход ч намайг нэрээр минь дуудаж байв. Дахиад л гайхлаа. Яагаад гэвэл комбинзонтойгоо бид бүгд адилхан байсан юм. Асрагч, сувилагч, мэс засалч, гэмтлийн эмч, зүрхний эмч бүгд адил. Харин толинд дөхөж очихдоо духан дээр минь миний хэн гэдгийг дармал үсгээр бичсэн байгааг хараад инээд хүрлээ...
Нэг эмчийн нуруун дээр туулай зурсан байв. Одоохондоо бид нэг жижигхээн эрх чөлөөтэй байгаа хэрэг. Мэдээж бидний энгэр дээр овог нэр, үүрэгт ажлыг тэмдэглэсэн байгаа ч жижиг үсгээр бичсэн тул дөхөж шагайж харах хэрэгтэй болно.
Улаан бүсээс гарахдаа хувцсаа тайлах ёстой, юунд ч хүрч болохгүй. Оймс, гуталны углааш, бээлий, «сансрын нисэгчийн хувцас», амны хаалтыг хаяна. Алчуур аваад шүршүүрт орно. Углааш гэх мэт резин, пластик зүйлийг хаяхгүй, цоожтой саванд хийгээд дараа нь ариутгал хийдэг. Шуудаг харьцангуй цэвэр гэж тооцогдох ч дараа нь мөн л угаана. Өнөөдөр нэг удаагийн халаттай ажиллах боломжийн тухай дотоод сүлжээгээр авч хэлэлцсэн. Би үүнийг шууд няцаасан. Сэхээн амьдруулах тасагт зөвхөн хамгаалалтын хувцастай ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Аз болоход одоогоор хүрэлцээтэй байна.
Энэ шинэ хувцсаа өмсөхөд бүх хэрэгцээгээ зохицуулах шаардлагатай ч, би хэд хэд жижүүрт гараад хувцсандаа дадаж л байна. Амьсгалахад их хэцүү, маск нүүрэнд битүү наалдаад, амьсгалын баг хамар, хамрын хянга дээр дарж, дараа нь энэ хэсэгт арьс хууларч өвчтэй болсон байдаг. Шархны лент наах, тос түрхэх зэргээр туршаад хамгаалах арга хайгаад байгаа ч дорвитой арга олоогүй л байна.
Ийм хувцастай байхад өвчтнүүд айгаад байх шиг санагддаг бөгөөд өвчтөнтэй тод, чанга ярин тодорхой хэмжээгээр ойлголцох ёстой. Чи өөрийгөө өвчтэй хэвтэж байна гээд төсөөл. Өмнө нь нүүр ил, цагаан халаттай хүмүүс ирдэг байсан бол одоо сансрын нисэгчид л ирж байгаа. 2 эмнэлгийн ажилтан бол 2 сансрын нисэгч, 5 бол таван сансрын нисэгч л гэсэн үг. "Оддын дайн" киноны хэсэг ч юм шиг.
Бид өвчтөнийг нэрээр нь дуудан найрсаг харьцдаг ч, ямар ч хамгаалалтгүй тэдний өмнө бид хамгаалалтын хувцастай зогсох нэг л таагүй. Эргэн тойрон шүршээл, цацаал, угаагаал халдваргүйжүүлээстэй. COVID гэдгийг бүгд ойлгож байгаа ч сэтгэлзүйн хувьд амар биш юм. Хүн болгоны сэтгэлзүй өөр өөр байдаг. Сэтгэлзүйн хямрал ч тохиолдох юм. Өвчтөн рүү ойр дотныхныг нь оруулдаггүй. Утсаар ярихыг зөвшөөрдөг ч сэхээний өвчтнүүдийн ихэнх нь утсаар ярих манатай байдаг.
ХООЛ, УС, АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГҮЙ 12 ЦАГ
12 эсвэл 24 цагийн жижүүрийг сонгох үед би 12 -ыг сонгосон. Зарим нь бүтэн хоногоор ажиллаж байгаа. Яаж чадаж байгааг нь төсөөлөхгүй юм. Үүссэн шинэ нөхцөлд ажиллахыг бүгд сайн дураар зөвшөөрсөн. Гэхдээ эхлээд бид хэрхэн ажиллах тухай мэдэхгүй, зөвхөн таамаглаж байсан юм. Бидэнд урьдчилан анхааруулж, нэг удаа завсарлаж, жаахан юм идэж, ууж, ариун цэврийн өрөө орж болно, харин гурав юмуу таван удаа бол цаг их алдах, хамгаалалтын хувцас илүү зарлагадах болно гэдгийг ойлгохыг хүссэн юм. Тамхичдад ч гэсэн энэ хамаарна. Улаан бүсээс гарах бүртээ шлюз-аар өнгөрч хамгаалалтын хувцсаа тайлах- өмсөх хэрэгтэй болно, бас хугацаа алдана. Хамгийн багадаа хагас цаг болно. Юм иднэ гэвэл бүр илүү, 40 минут, бүтэн цаг тасаг хүнээ "алдана". Гэтэл энэ үед яаралтай тохиолдол гарвал яах вэ, хүн үхвэл яах юм, секунд бүр үнэтэй. Өмнөх шигээ амандах халбагаа хаяад хоёрхон минутанд өвчтөн рүүгээ гүйгээд хүрчихгүй. Тэгэхээр юм уухын тулд үлдэж буй хүмүүстэй тохиролцох ёстой. Тэгээд ч энэ завсарлага маань илүү хавьтал болно гэсэн үг. Амралтын жижигхэн өрөөнд бид завсарлагаанаар эсвэл ээлж дуусаад орохдоо 2 метрийн зай барих ёстой ч хэн ч энийг баримтлахгүй. Бид өөрсдийгөө эрүүл гэж таамагладаг учраас зөвхө энэ өрөөнд л хамгаалалтын зарчмаа алдаж байгаа юм.
Эмнэлгийн ажилчдыг Covid-19 тестэнд хамруулна гээд л байгаа. Бид бүгд халдвартай өвчтөнтэй хавьтсан учраас бодит байдал дээр юу болохыг Бурхан л ганцаараа мэдэж байгаа байх даа. Амьсгалын баг (N95) гэхэд л 95% хамгаална шүү дээ…
Ажлаас буух бүртээ би хэдхэн хоногийн дараа өөрийн тасгийн өвчтөн болох ч юм билүү гэдгээ мэдэхгүй.
Би л хувьдаа гэхэд ажлаа дуусгаад, юм ууж идэхгүй, бие засахгүй 12 цаг болсны дараа амралтын өрөөнд очиж байгаа. Юм уухгүй байвал л бие засахыг тэвчиж болно. Би одоо дотуураа живхтэй байгаа. Өнгөрсөн жижүүр дээр би аргагүйн эрхэд живхийг туршиж үзэх тохиолдол гарсан юм. Хөл минь урсаж байгаа шээс мэдрэх мэдрэмж, нойтон дотуур хувцас- аз болоход ээлж дуусаж байсан юм. Ийм тохиолдолд яавал дээр вэ гэдгийг бодож л байна. Бие махбодь тэвчиж сурч л байна. Манай эмнэлгийн удирдлага биднийг аль болох аятай тухтай байлгахыг байгаа боломжоороо хичээж байна. Би үүнийг харж, мэдэрч байна. Гэхдээ л шийдэх асуудал их... Бид дөнгөж 2 долоо хоног ажиллаж байгаа.
Дотуур холбооны утас-энэ бол бие даасан сэдэв. Дотуур холбооны утсыг тасгийн бүх хүнд өгсөн бөгөөд хүн бүр өөрийн тоотой, байнга холбоотой байна гэсэн үг. Улаан бүсэд байхдаа ямар ч нөхцөлд бид утсаа биедээ авч явах бөгөөд хурдан хариу өгөх ёстой. Бид тасагт болж байгаа бүх яриаг сонсох ба биднийг ч бүгд сонсоно:
— Арван зургаа наймд хариу өгөөрэй!
— Найм сонсож байна…
— Бид ногоон кодтой боллоо…
— Хүлээж авлаа!
Жижүүр бүр сорилт гэсэн үг. Чиний туршлага, мэргэжлийн ур чадварын сорилт, яагаад гэвэл өнөөдөр бидэнд тулгарч буй зүйлтэй урд нь бид таарч байгаагүй, энэ бол чиний дотоод ертөнцийн сорилт, чиний сэтгэлзүйн сорилт, чиний даах чадвар, амьдрах чадвар магадгүй хүнлэг чанарын чинь сорилт юм. Яг одоогийн нөхцөлд хүнлэг чанар гаргаж байгаа хүн бүхэнд дотроо л талархаж байна. Харин гэртээ суугаад цонхоор харсаар залхаж байна, хорионд орж зурагтны өмнө ядарч байна гэж л битгий хэлээрэй дээ. Ийм жижүүрийн дараа би түүнийг чинь ойлгож чадахгүй нь.
ӨВЧТӨН ТАНТАЙ ЯРЬЖ БАЙНА, ГЭХДЭЭ ТЭР УУШИГГҮЙ БОЛСОН
Хүнд өвчтнүүд ирж байна. Өмнө нь хүлээж авч байсантай харьцуулахад илүү хүнд. Хүмүүс үхдэг үү? Үхдэг. Энэ бол эмнэлэг. Тийм учраас үхэл ч байна. Өнөөдөр манай тасагт байгаа хүмүүсийн хагас нь зохиомол амьсгалтай, хагас нь зохиомол амьсгалд орж магадгүй хүмүүс. 40 наснаас доош хүмүүс алга. 60 хүртэл насны хүмүүс байна, ихэнх нь 60-аас дээш насныхан. Хүмүүсийг түргэний тэргээр гэрээс нь, өөр эмнэлгүүдээс авчирч байна. Хоногт 100, магадгүй 200 ч ирж байна. Зарим нь хиймэл амьсгалын аппараттай ирж байна.
Саяхан Covid-19 оноштой, дагалдах өвчингүй, хүчилтөрөгчийн багтай, 50–60 насны эмэгтэйг бид үзсэн бөгөөд «Амьсгалахад жаахан хэцүү байна, гэхдээ зүгээрээ, тэвчиж болно» гэхээс өөр онцын зовиургүй, бидэнтэй ярилцаж байсан юм. Рентгенд харахад бага зэрэг уушигны үрэвсэлтэй, гэхдээ аюултай гэхээргүй. Тийм өвчтнүүдийг бид нуруу талд уушигны дарагдаж байсан хэсгүүдийг амьсгалуулах гэж доош харуулж хэдэн цаг хэвтүүлдэг юм. Бидэнд бас хуруунд зүүгээд цусан дах хүчилтөрөгчийн хангамж үздэг жижиг төхөөрөмж байгаа. Зохиомол амьсгал хийх заалт байхгүй байлаа. Гэвч энэ заалт нүдэн дээр өөрчлөгдөөд ирлээ, өвчтөн онцгой зовиурлахгүй хэвээр. КТ руу авч явлаа. Томографт хартал уушиг байхгүй. Уушигны хатгаатай хүмүүс яагаад дараа дараалан үхээд байсны учрыг би ойлгож байна. Тэд чамтай ярьж байгаа ч тэдэнд уушиг аль хэдийн байхгүй! Бүгд тийм! Үнэхээр аймаар! Нөгөө эмэгтэйг тэр дор нь зохиомол амьсгалын аппаратанд оруулсан, амьдрах эсэхийг мэдэхгүй.
«ЖИЖҮҮРТ ГАРАХ ТАМ Л ГЭСЭН ҮГ»
Арав гаруй метр урт заавар зөвлөмж уншиж судалсан, дахиад ч бичиж байгаа гэсэн. Би 20 гаруй жил сэхээний тасагт ажиллаж байгаа ч өнөөдөр болж байгаа шиг зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй. Шүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч, гэмтлийн эмч - нэг л өдөр бүгдээрээ Covid-19 өвчтөн хүлээж авдаг эмч болцгоосон. Одоо л дөнгөж юу яаж хийхийг ойлгож байна...
Өвчтнүүд өдөр бүр нэмэгдсээр, маргааш, нөгөөдөр, ер нь хэд болохыг би мэдэхгүй. Ер нь хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн жижүүр дээр би 7 өвчтөнтэй байхад л "хүзүүгээр биш толгойгоор татсан" их ажилтай байсан. Харин 15 эсвэл 20 болоод ирэх юм бол хүч чадал, тоног төхөөрөмж, цаг хугацаа бүгдэд нь хүрэлцэнэ гэдэгт би итгэхгүй л байна.
Тэгвэл би яг дайны үе шиг: мөдхөн үхэх хүмүүс, амьдрах боломжтой хүмүүсээс би эмчийн хувьд сүүлчийн хүмүүсийг сонгоно, яагаад гэвэл аврах боломжтойг нь л аврах нөхцөл үүснэ гэсэн үг. Ийм явдал тохиолдох бүрэн боломжтой. Ийм юм битгий болоосой л гэж найдая. Хамт ажиллагсдынхаа хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг боддог л юм би. Хүн бүр стрессийг тэсвэрлэхдээ өөр өөр, хамгийн сонирхолтой нь тэсвэрлэх зааг хаана хүрэх вэ гэдгийг чи мэдэхгүй. Өөрийн эрхгүй: дайнд явбал хэнтэй хамт явах вэ! Түүнтэй хамт явахгүй дээ гэж бодогдоно.
Жижүүр бүхэлдээ үүргийн дагуу явагдана. Эрэгцүүлэх цаг байхгүй. Толгой өндийх завгүй ажиллана. Эмнэлгийн их бичиг цаасны ажил ч хэвээр. Харин ч нэмэгдсэн. Жижүүрээс буугаад ганцхан л юм хүснэ- унтах. Долоо хоногийн өмнөөс л миний бие болон сэтгэл санаанд ямар нэгэн юм болоод байна, би хараахан тайлбарлаж чадахгүй нь. Ямар нэгэн өөрчлөлт болж байна. Их хүчтэй. Би эргээд хэзээ ч өмнөх шигээ болж чадахгүй гэдгээ л мэдэж байна. Би одоо ажлаас халагдах өргөдөл бичсэн болон бичих хүмүүсийг ойлгож байна.
Мэргэжил нэгтнүүд минь Ковид-19 дээр ажиллаад, яагаад «ЖИЖҮҮР ДЭЭР ТАМ ШИГ Л БАЙНА. ГЭРТЭЭ ҮЛДЭХИЙГ ХҮСЬЕ» гэж бичсэнийг ойлгож байна. Бидний үеийнхэн энхийн цагт төрж өссөн. Хэзээ нэгэн цагт дайн болж байсан л байх, би эмэгтэй хүнийхээ хувьд үүнтэй ямар ч хамааралгүй байсан. Харин одоо би дайн гэж юу болохыг ойлгож байна. Энэ гунигтай ч юм биш, хөгжилтэй ч юм биш. Энэ бол үнэхээр ноцтой юм шүү.
ОЛЬГА ЛАБЕЦКАЯ, ИРИНА ИЛЬЕНКО. 2020.04.07.
ОРЧУУЛСАН: АУ-ны доктор Л.Тулгаа. 2020.04.13.
ОРЧУУЛАГЧИЙН ТАЙЛБАР: Москва хотын Филатовын нэрэмжит 15 дугаар эмнэлэг 1315 ортой, 543 эмч, 741 сувилагчтай. Ирина Ильенко сэхээн амьдруулах - кардиолог эмч. Уг бичвэрийг 2020 оны 4 сарын 7- нд бичсэн. Үүнээс хойш 2020 оны 04 сарын 13-ны байдлаар ОХУ-д нийт 18328 хүн Ковид-19 халдвар авч, өвчилсөн 148 хүн нас барж, 1470 хүн эдгэжээ. Сүүлийн хоногт 2558 хүн нэмж халдвар тээгчээр бүртгэгдэв.