Цаг үеийн мэдээ

Харилцаан дахь санхүүгийн асуудлыг зохицуулахад хүндхэн гэдэг нь нууц биш ч саяхны нэгэн судалгаа мөнгөнөөс болж хосуудын хооронд бидний төсөөлснөөс л илүү төвөгтэй асуудлууд үүсч болохыг харууллаа. Учир нь эрчүүд дан ганц гэрийн тэжээгч нь байгаад зогсохгүй эмэгтэй хүн гэр бүлийн нийт орлогын 40-өөс дээш хувийг олдог бол бухимдсан мэдрэмж авч эхэлдэг байна. Энэ нь хүний ертөнц дээр тогтсон нийтлэг соёлын дагуу эр хүн хэзээнээсээ хүчирхэг, гэр бүлийн голлох тэжээгч байсаар ирсэнтэй холбоотой гэнэ.

Санхүүгийн хувьд хамааралтай болох тусам, илүү их бухимдана 

Англи улсын “University of Bath”-н гаргасан саяхны судалгаа, эмэгтэй хүн хамтрагчаасаа илүү орлоготой байх нь эр хүний бухимдаж, сртесстэх шалтгаан болдгийг тогтоожээ. Харилцаан дахь санхүүгийн тэнцэл нь: Эр хүн эмэгтэй хүнээс санхүүгийн хувьд хараат байгаагаа мэдрэх үедээ өөртөө итгэх итгэлээ алдаж, хямарч эхэлдэг байна. АНУ-д явуулсан өөр нэг судалгаанд гэрлээд 15 жил амьдарсан, 6000 гаруй гетеросекс хосууд болон хамтдаа амьдарч байгаа хосуудын нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийсний дараа дээрхтэй яг ижил дүгнэлт гарсан байна. Энэхүү судалгаанд бид стрессийн түвшинг тодорхойлохдоо уйтгар гуниг, түгшүүр, тайван бус байдал, найдваргүй байдал, утгагүй мэдрэмж зэргийг үндэс болгосон болно.  

Эрх мэдэл, хүч тэнцвэргүй байдлын тухай 

Эрх мэдлийн тухай асуудал яагаад хөндөгдөж байгаа нь мэдээж эцгийн эрхт ёс өдийг хүртэл ноёлж байгаатай нягт холбоотой юм. Энэ талаар судлаач, академич Жоанна Сирда хэлэхдээ: “Олон мянган жилийн турш эр хүн гэр бүлийнхээ орлогын гол эх үүсвэр байсаар ирсэн нь тэдэнд одоог хүртэл тийм л байх ёстой гэсэн ойлголтыг төрүүлсээр байна” гэжээ. Түүнчлэн “Эцэг, эхээсээ мөнгө авахгүйгээр амьдрах хэрэгтэй гэх хариуцлагыг эрчүүд илүү мэдэрдэг учир түүнээсээ болоод сэтгэл зүйн хувьд зовууртай болж эхэлдэг” гэж тэрээр мөн нэмж хэлсэн байна. Бидний тайлбарлах гэж буй дараагийн шалтгаан жендэрийн асуудлаас хэт их хальсан байх магадлалтай ч хосуудын аль нэг нь илүү орлоготой байх нь харилцаанд хүч тэнцвэргүй байдал үүсгэдэг аж. Тэрхүү хүч тэнцвэргүй байдал өдөр тутмын зарлага, хуримтлал зэрэгт мэдэгдэхүйцээр нөлөөлдөг нь ихэнх хосуудын хувьд салах шалтгаан болдог байна.  

Дүрэм болгонд эсэргүүцэх зүйл байдаг

Эрчүүдийн стресс болон харилцаан дахь эдийн засгийн байдал нь зарим талаараа ийм хамааралтай байж болно: эмэгтэй нь тухайн эрэгтэйгээ гэрлэхээсээ өмнө өндөр орлоготой байсан. Энэ тохиолдолд эр хүн одоо байгаа болон, ирээдүйд тохиолдох нөхцөл байдлыг сайтар тооцоолсон байдаг учир үл ойлголцол харьцангуй бага үүсдэг. Мөн энэ талаар судлаач Сирда хэлэхдээ “Хүмүүс хамтрагчаа санамсаргүй сонгодоггүй. Хэрэв тэр эмэгтэй гэрлэхээс өмнө илүү өндөр орлоготой байсан бол орлогын зөрүү, ирээдүйн санхүүгийн байдал зэрэг нь эр хүнд аль хэдийн тодорхой байсан гэсэн үг. Магадгүй тухайн үеийн эмэгтэйн орлогын байдал нь гэрлэх шалтгаан нь болсон ч байж болно” гэжээ.  

Эх сурвалж: 
news.xopom.com

Таны сурталчилгаа