Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг баримтлан хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 7.1.3, 10.1.3 дахь заалтаас “цар тахлын голомтод” гэснийг хассан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурдсан.

Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан” гэснийг “эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан" гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга хэмжээг” гэсний дараа “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Түүнчлэн төслийн 10 дугаар зүйлийн гарчгийг “Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэж өөрчлөн, 10.3 дахь хэсгийн дугаарыг “10.4” гэж, 10.2.3 дахь заалтын дугаарыг “10.5" гэж, 10.2.4 дэх заалтын дугаарыг “10.6” гэж, 10.2.5 дахь заалтын дугаарыг “10.7” гэж тус тус өөрчлөн үг хэллэгийг жигдлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалтын “авахдаа” гэсний дараа “хүүхэд болон” гэж нэмэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “арван” гэснийг “таван зуун” гэж өөрчлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Ингээд Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 44 нь буюу 95.8 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн нараас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 04 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төсөл дэх эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах тухай заалтыг өргөжүүлж, “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчийн” гэж өөрчлөх, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зориулалтын сан байгуулах, Л.Элдэв-очир гишүүн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авах талаар шинэ заалт нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн, урт хугацаатай 1 хувийн хүүтэй зээл олгох, 1 кг ноолуурыг 100.000 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 1 сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас эзэмшигчдийн үнэт цаасыг 2020 оны II улиралд багтаан авах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг “8.Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль, улсын хэрэгцээнд ашиглах” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 97.5 хувь нь дэмжив. Төслийн 2 дугаар зүйлд “11. Эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зорилтот сан байгуулах” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн.


Түүнчлэн тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх, ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрд олгох,   гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах агуулга бүхий заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 43 нь дэмжсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа