Цаг үеийн мэдээ

НМХГ-аас 6 дүүргийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 186 аж ахуйн нэгж, байгууллагын 190 зууханд хяналт шалгалтуудыг хийж гүйцэтгэжээ.

Нийт ашиглаж байгаа зуухны 90 хувь нь үнс баригчтай, 10 хувь нь үнс баригчгүй байсан нь өмнөх оны хяналт шалгалттай харьцуулахад 20 хувиар өссөн байна.

Зуухны хаягдал утааны хэмжилтийн дүнгүүдийн стандартын шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийг харьцуулахад 2020 онд тоосонцорын хэмжээ 10-15 хувиар, хүхрийн давхар ислийн хэмжээ 25-30 хувиар тус тус буурсан байна.

ААН-үүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийхэд:

-Их эрсдэлтэй-10 хувь,

-Дунд эрсдэлтэй-30 хувь,

-Бага эрсдэлтэй-60 хувь үнэлэгдсэн байна.

Хяналт шалгалтаар 34 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар 17 хэрэг шийдвэрлэж, 5 зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн 44 албан шаардлага, 20 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлжээ.

Энэ өвөл тусгай зөвшөөрлийн дагуу түүхий нүүрс түлж байсан аж ахуй нэгж байгууллагуудад Нийслэлийн засаг даргын А/1377 дугаартай захирамжийн дагуу нам даралтын зууханд ирэх өвөл түүхий нүүрсийг хэрэглэхгүй утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байна. Улсын байцаагчийн шаардлагын дагуу 25 объект цахилгаан халаалтанд шилжжээ.

Таны сурталчилгаа