ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрээр "Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 39 боллоо.
Өчигдөр цахим орчноор "Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ" гэсэн ташаа мэдээлэл гарсан. Бид 11:00 цагаас баттай мэдээллээ хувцаалцаж байгаа. Мөн коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг сандаргалаа. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн иргэн байсан.
Мөн тандалтын зорилгоор Налайх дүүрэг, Дорноговь аймаг зэрэгт шинжилгээ хийхэд вирус илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Өнөөдөр өглөө "Ховд аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хот, Ховд аймаг зэрэг маш олон газруудаар явсан байна" гэсэн иргэдийг цочроосон мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл тухайн мэдээлэл нь ташаа буюу шижигтэйд тооцогдсон иргэнээс вирусийн халдвар илрээгүй болохыг ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн вирусийн анхны тохиолдол болох Франц иргэн эдгэрч, өнөөдөр эх орондоо буцжээ.