Цаг үеийн мэдээ

         Талх... Хатаж хорчийсон ч булан бүр нь бүтнээрээ зүсэм талх өглөө эртлэн ажилдаа гарсан миний нүдэнд содон нь аргагүй өртлөө. Өмнө нь хэзээ ч нүдэнд тусахгүй байсан, хаа нэгтээ хэвтэж л байх талхны тэр өчүүхэн хэлтэрхий, таагүйхэн сэрсэн өглөөд минь тааламжгүй гунигтай нэрмээс болно. Бороо орох эсэх нь тодорхой бус дээрээс нэвсийн дарах бараан үүлтэй тэнгэр дор хөлхөх хүн бүр л цээжиндээ тээглэх асуудал бүрээ тээн хаа ч юм яарна. Яагаад ч юм талх надад тэр нэгэн гунигт дурсамжийг сөхнө.

            ... Нүүрнийхээ талаас илүү хувийг маскаар далдалсан хүмүүсийн тасралтгүй хөлхөөн дунд нэгэн бүсгүй хоёр нялх үрээ тэврэн сууна. Салхи үе үе хуйсганан дэгдэж, шороо хийсэх бараан тэнгэр дор нимгэн хувцастай нялхыгаа өөрийн цамцаар давхар ороож, хоёр ой гаруйтаа харагдах том хүүгээ дааруулахгүй гэхдээ чанга гэгч нь тэвэрнэ. Өөртөө байгаа өмч нь болсон хоёр цамцаа хүүхдүүддээ өмсүүлчихээд зах нь сунан унжсан ханцуйгүй нимгэн цамцтай хаврын сүүл сарын сэрүүхэн салхинд чичрэн, саарал замыг ширтэн санчигных нь үс нь хийсэн суугаа тэр бүсгүй дэндүү өрөвдөм.

       Амьдралын бараан хатуу үнэнийг бяцхан зүрхэндээ тултал амсаж байгаа жаахан хүүгийн өмнө гялгар ууттай хатсан талхнууд тавьсан харагдана. Нэгэн жигд биш, цагаан бор өнгөтэй талхны хатсан хэсгүүдээс хүү жижигхэн гартаа атгачихаад амтархан мэрнэ. Өнөөх бүсгүй хүү болон ууттай талхыг ээлжлэн харах ч талхнаас авч идэж зүрхлэхгүй байгаа нь нүдэнд нь илт.

Хэн нэгэн илүүчилсэн үү бүү мэд тэдгээр талхны өөдсүүд хоёр хүүгийнх нь магад энэ өдрийн хүнс биз ээ.

      Буруу бүхэн, алдаатай бүгд зөвхөн бүсгүй заяатан, бяцхан үрсүүдэд тохогдох тавилантай нийгэм аж. Энэ бүсгүй ийнхүү чичрэн суугаа нь орох орон оочих аягагүйн улмаас ийнхүү бэдэрч яваа нь энэ биз. Гэлээ гээд түүнд буруу өгөхийг хүсэхгүй байна. Ааг нь багтаж ядсан нэгний тоглоом болж хоёр нялх үрээ хөтлөн яваа энэ мэт бүсгүйчүүд манай нийгэмд дэндүү олон бий.  Бусдыг буруутгах дуртай ам уралдан чалчигдын хорон сум чухам яагаад буруутныг бус бүсгүй заяатныг хайр найргүй сүлбэдэг юм бол?

Бүсгүйг хүнийг цөхрөөж, бяцхан хоёр үрийг дуудах эцэггүй, идэх хоолгүй хүнд байдалд хүргэсэн хүн мэдээж ухаан нэгэн эр. Нинжин сэтгэлгүй харалган нийгэм.

 Өнөөдөр хоёр бяцхан хүүхдэд хатсан талхны булан олдож байгаа ч харин маргааш яах бол?

     Өнөөдөр та бидний хөлд гишгэгдэн бутарч байгаа хатсан ганц зүсэм талх амьдрах гэж тэмүүлэн байгаа нэгэн бяцхан үрд амь зогоох хоол нь болж байна гэж бодохоор гол зурам аймшигтай санагдана.  Бөөрөнхий энэ орчлонд бүгд л идэх хоолны төлөө амьдарч яваа ч өөрт байх хэдэн төгрөгөөр хоёр жаахан үрд уут боорцог авч өгсөн нь миний л тусалж чадах чадал тэр. Харин хясалд хавчуулагдсан хувь заяагаа тэлэн байж ядарсан нэгэндээ тусалж чаддаггүй юм гэхэд буруу өгч бүү гоочлоорой.

     Эрээн бараан ижижлгүй онооглох энэ насанд та илүүрхэх зүйлтэй амьдарч байгаа бол идэж бараагүй талхаа хогийн сав руу шидэхээсээ өмнө хөлд тань суугаа хөөрхий ядарсан нэгэнд өгчих. Буруу зөв буртаг ихтэй энэ хорвоод өр өвтгөх өчнөөн асуудал бий ч хорвоод хүн болж ирсэн хөөрхөн үрс минь бүү өлсөг!

Сэтгүүлч У.Дашбат

Таны сурталчилгаа