ЭМЯ-наас Ковид-19 вирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал "Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.
Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжлэхэд халдвар илрээгүй. Мөн Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.
Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан тохиодол нийт 41 болж, 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлжээ.
Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна" гэв.
Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм юм.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран "Эрүүл ахуйн аян"-ыг зохион байгуулж байна. Аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулах юм.
Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг мэдээллийн үеэр хэллээ.