Цаг үеийн мэдээ

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар оролцсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе тав, зургадугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Таны сурталчилгаа