Цаг үеийн мэдээ

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдаж, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг зодлоо гэх мэдээлэл тарсан.

Тухайн хэрэгт албаны шалгалт явуулахад дүгнэлтээр цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдэд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн, шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадлага хэрэглэсэн.

Албадлага хэрэглэн өрөөнөөс гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй.

Мөн сэтгүүлчдийн биед халдсан, гар хүрсэн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь камерийн бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.

Таны сурталчилгаа