“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ.
Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллалаа.
Цагийн байдлын мэдээллээр “Чингэлтэй дүүрэгт тавдугаар сарын 5-ны өдөр томуугийн тандалтаар 38 сорьцонд БХ-ПГУ аргаар шинжилгээ хийхэд 3 хүний сорьцонд SARS-CoV-2 вирус илэрсэн. Энэ нь Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдварын эхний тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандалт судалгаагаар батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 29 хүнийг илрүүлснээс 11 нь гэрийн хавьтал, 18 нь гадуур хавьтал байна” гэсний дагуу Шуурхай штаб ажиллав.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Энэхүү дадлага сургуулилалтын үеэр үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлах, асуудлуудыг илрүүлэх, түүнд авах хариу арга хэмжээг авч, ажиллах дадлага сургуулилалт болж байна. Дадлага сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 3000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 150 мянган иргэн дадлага сургуулилалтад хамрагдах юм” гэдгийг хэллээ.
“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.